Монгол улсад сурагчийн цүнхний жин ямар байх ёстой талаар мөрдөх стандарт байхгүй

Дэлхийн олон улс оронд бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь биеийн жингийн нь 10 хувиас хэтрэхгүй байх талаар зааж өгсөн байдаг. Харин Монгол улсад сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, нарийн зохицуулалт байдаггүй. Бага ангийн сурагчдын 79,1 хувь нь биеийн жинтэйгээ харьцуулахад хүнд цүнх үүрдэг юм байна.. 

  • Ерөнхий боловсролын бодлогын газрын мэдээлснээр “Нэгдүгээр ангийн нэг сурагчийн Монгол хэл, Математикийн сурах бичиг, Бэлтгэл хөтөлбөр, Хүн орчин, Дүрслэх урлаг, Технологи, Хөгжмийн хичээлийн зэмсэг, Ажлын дэвтрийн нийт жин 1 кг 325 гр, үзэг харандаа, дэвтэр гэх мэт хэрэгслийн дундаж жин 2 кг 730 гр, тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо гээд цүнхний жин дунджаар 5 кг 500 гр  байна 
  • Олон улсын судлаачид сурагчдын дунд цүнхний хүнд хөнгөний талаар судалгаа явуулсан байна. Сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнх хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг талаараа хэлжээ.
  • Тэгвэл 2018 онд Монгол улс сурагчдын цүнхний жингийн судалгааг  I-V ангийн сурагчдын дунд хийсэн байна. Манай улсын I ангийн сурагч дунджаар 3 кг 145 гр, II ангийн сурагч 3 кг 74 гр, III ангийн сурагч 3 кг 212 гр, IV ангийн сурагч 3 кг 127 гр , V ангийн сурагч 3 кг 765 гр ачааг үүрдэг гэж гарсан байна. Энэ нь манай  улсын бага ангын сурагч хэт хүнд цүнх үүрдэг гэдгийг харуулж байна.
  • Харин цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном 500-1100 гр, номын тавиур том, жижиг 300-500 гр, хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 гр, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн 100-160 гр, үдийн цайны хэрэгсэл 100-120 гр, ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна.

Дэлхийн олон улс орнууд сурагч цүнхэнд стандарт тогтоосон байдаг бөгөөд стандарт тогтоож буй улс орнууд жилээс жилд өссөөр байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хүүхдийн ясжилтын процесс явагдаагүй байдагтай холбоотойгоор сурагчдын цүнх тухайн хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс илүү хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ядралт, булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нурууны өвчлөл, мөрний тойрог зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.

Манай улсад одоогоор сурагч цүнхэнд албан ёсны стандарт байхгүй,  олон хүчин зүйлээс шалтгаалан сурагчийн цүнх хүнддэж байгааг сурагчид хэлж байна

Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцвол зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдгийг тогтоосонтой нийцүүлбэл 6 настай сурагч 1 кг 800 гр-ийн жинтэй цүнх үүрэхээр байна. 

Иймд эцэг эх та хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж байх нь чухал юм.