Манай улс өнгөрсөн жил дотоодын хүнсний ногооны хэрэгцээний 45 хувийг хангаж байсан бол энэ жилийн ургацаар 80 хувийг хангахаар төлөвлөсөн. Гэвч цаг агаарын нөхцөл байдал болон түлшний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүнсний ногооны нөөц төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай байна.
- Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 588.5 мянган га талбайд үр тариа, улаанбуудай, төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамал тарьсан байна.
- Урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.
- Мөн ургацын урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна
- Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган болоод мөндрийн улмаас 13.2 мянган га талбайд ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй байна.
Засгийн газраас 97,8 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувын хүүтэй хоёр жилийн хугацаанд тариаланчдад олгож байгаа. Ингэснээр хүнсний ногооны хэрэгцээний 80 хувийг дотоодоос бүрдүүлж үүний өсөлтийг тогтвортой байлгах зорилготой. Гэвч цаг агаар хүйтэрч ургац хураалтад хүндрэл гарах болон түлшний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ургац хураалт төлөвлөсний дагуу хийгдэхээргүй байдалд хүрчээ.
Хүнсний ногооны үнийн өсөлтөд хадгалах зоорь савны асуудал чухал байдаг. Тариаланчид жил бүр хадгалах нөөцлөх тал дээр их хэмжээний хөрөнгө зарцуулдаг байна. Харин улсын хэмжээнд одоог хүртэл зоорь хадгалах савны дутагдал байсаар байна.
Тариаланчдын хувьд одоогоор хүнсний ногооны хураалт хэвийн явагдаж байгаа ч цаг агаарын байдал 9-р сараас тогтворгүй байх төлөвтэй байна. Тиймээс алдагдал хүлээхээс өөр аргагүй байдалд оржээ.