Эрүүл мэндийн салбарынхны ажлын хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр засгийн газраас эмнэлгүүдийг эмчилгээ, үйлчилгээг бие дааж, гүйцэтгэлээр санхүүжих боломжоор хангасан. Үүний дагуу зарим эмнэлэг ажилтнуудынхаа цалинг нэмсэн гэх боловч бодит байдал дээр салбарын бүх ажилтнуудын цалинг тэгш нэмэгдүүлж чадахгүй байгаа юм. Үүнийг өнөөдрийг хүртэл дутагдалтай байгаа сувилагчдын орон тооноос харж болно.
Монгол улсын 2020 оны статистик мэдээллээр манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 56.500 хүн ажиллаж байснаас 13.112 нь сувилагч байна. Сувилагчийн тоо сүүлийн таван жил дараалан аажмаар өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14.000 сувилагч ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 20.000 сувилагч шаардлагатай байгаа юм байна. Энэ тооноос харахад өнөөдөр 20.000 сувилагчийн хийх ажлыг 14.000 сувилагч хийж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нэг сувилагчид 211 хүн ногдож байгаа нь хамгийн цөөн, харин хангайн бүсэд нэг сувилагчид 298 хүн ногдож байгаа нь хамгийн олонд тооцогдож байна. Энэ нь одоогоор эрүүл мэндийн салбарт 6000 сувилагч дутагдалтай байгаагаас шалтгаалж байгаа гэсэн байна. Харин сувилагч дутагдалтай байгаа гол асуудал нь сувилагчийн цалин бага, ажил хүнд байдагтай холбоотой юм байна.
Эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээ бие дааж, гүйцэтгэлээр санхүүжих ажил үргэлжилж байгаач үүнд бүх эмнэлгийн салбарын ажилчид хамрагдаж цалин хөлсөө нэмэгдүүлж чадахгүй байгаа юм. Тэгвэл эмнэлгүүд бие дааж, гүйцэтгэлээр санхүүжих ажил хэрхэн явагдаж байгаа талаар салбар яамнаас мэдээлсэн. Тэгвэл эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх цаашлаад боловсон хүчнийг бүрэн бүрдүүлэхийн тулд эмнэлгүүд бие дааж, гүйцэтгэлээр ажилчдаа санхүүжүүлэх ажил үр дүнгээ өгөх үү эсвэл зөвхөн гал унтраах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй үлдээд байна.