Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орон хөгжлийн уламжлалт ойлголтоос салж, илүү иргэддээ ээлтэй, тэдний оюун санаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих соёлын орчныг бий болгоход түлхүү анхаарч байна. Манай улсын тухайд ч гэр бүл, хүүхэд залууст ээлтэй “Соёлын орон зай”-г бий болгохоор Соёлын тухай хуульд хуульчилсан. Энэ жил Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Сэлбэ голын эрэг дагуух орчныг уран бүтээлчдийн бүтээлүүдээр тохижуулж, соёлын орон зай, орчныг бүрдүүлэх эхлэлийг тавьлаа.
2004 оны 9-р сард Юнеско бүтээлч байдлыг хотын хөгжлийн стратегийн гол хүчин зүйл гэж үзэн “Бүтээлч хотын сүлжээ”-г байгуулсан. Уг сүлжээнд өнөөдрийн байдлаар дэлхийн 246 хот нэгдэн орж хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллах нийтлэг зорилго дор нэгдсэн байна. Манай улсын тухайд “Соёлын орон зай”-г бүрдүүлэх энэ санаачилга нь Улаанбаатар хотыг Юнеско-гийн бүтээлч хотын сүлжээнд нэгтгэхэд нэг алхам ойртуулж байна.
Соёлын орон зай, соёлын бүтээлч байдлыг хөгжүүлснээр иргэдийн зан төлөв, сэтгэл санааг өргөх, амьдралын идэвхийг нэмэгдүүлэх цаашлаад улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэх боломжтой.
Дэлхийн улс орнууд соёлын орон зайг хөгжүүлэхдээ улс үндэстнийхээ онцлогт тулгуурладаг байна. Соёл урлагийн арвин түүхтэй Монгол улс цаашид "Соёлын орон зай"-г бүрдүүлэх санаачилгыг 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгүүлч: Х.Энхжаргал