Энэ жил Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудад зуншлага тааруу байжээ. Эдгээр аймгуудад малын тарга хүч муу, хадлан бэлтгэл хангалтгүйн улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй мөрдөгдөж байгаа. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар манай орны бэлчээрт 91.3 сая орчим толгой мал бэлчээрлэж байна. Зуншлагын байдал 2022 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна. Эдгээрээс баруун таван аймаг говийн хоёр аймагт нийт 7 аймагт малын тарга хүч муу, хадлан бэлтгэл хангалгүй байгаа учраас өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Одоогоор малын тэжээлийн хангамж, үнэ улсын хэмжээнд тогтвортой байна. Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-нийн өдрийг хүртэлх хугацаанд өвс, тэжээл, хивгийн экспортыг бүрэн зогсоогоод байна.
Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд урьдчилсан байдлаар малчдын өвөлжилтийн бэлтгэлд 1.2 сая тонн өвс, 2.1 мянган тонн сүрэл, 13.7 мянган тонн ногоон тэжээл, 71.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 82.9 мянган тонн гар тэжээл, 1.5 мянган тонн дарш, 99.4 мянган тонн давс, хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн байна. Харин ирэх өвөл дотоодоосоо өвс тэжээлээ бэлтгэх боломжгүй байгаа ган гачиг ихтэй аймгуудад онцгой анхаарах шаардлага тулгараад байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.3 мянган тонн өвс, 12.5 мянган тонн тэжээл бэлтгэх даалгаврыг өгсөн. Өнөөдрийн байдлаар аймгуудын зах зээл дээр 17.3 мянган тонн өвс, 1.6 мянган тонн тэжээл байгаа бол гурилын үйлдвэрүүдэд нийт 14.3 мянган тонн хивгийн нөөц байна. Мөн гантай аймгуудын малчид отор нүүдэлд аль хэдийн гарсан байгаа тул отор нүдлэх журамд зохицуулалтыг хийгээд байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажил нэгдсэн журмаар нэг сарын дараагаас албан ёсоор эхэлнэ. Гэвч энэ жил ган гачигтай аймгуудын нөхцөл байдлыг сайжруулахаар Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн Яамнаас аймаг, сум дүүргүүдийн удирдлага хөдөө аж ахуйн салбарынхантай долоо хоногт хоёр удаагийн хурлыг хийж нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.