Дэлхийн уул уурхайн салбарын зах зээлд Монгол улсын өрсөлдөх чадвар муу гэж дүгнэжээ

Энэ жил тохиож байгаа уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой хүрээнд энэ долоо хоногт “Уул уурхайн долоо хоног” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.  Дэлхийн уул уурхайн зах зээлд худалдаалагддаг 70-н төрлийн бүтээгдэхүүнээс Монгол улс наймыг нь олборлодог. Харин дэлхийн зах зээлд худалдаалагддаг топ таван бүтээгдэхүүнийг манай улс олборлодоггүй нь Монгол улсын уул уурхайн салбар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар муу гэж дүгнэхэд хүргэж байна.

Уул уурхайн салбар Монгол улсын ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 93 хувийг тус тус эзэлж байна. 2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6 хувь буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ. Ковид-19 цар тахал гарснаар эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч 2021 онд түүхий эдийн дэлхийн зах зээл дэх ханш өндөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд экспортоос олох орлого өмнөх жилүүдийн экспортын орлоготой дүйх хэмжээнд байгаа гэж уул уурхайн салбараас мэдээлсэн гэвч манай улсын уул уурхайн салбар дэлхийн зах зээл дээр маш жижиг тоглогч байсаар байна.

Нүүрсний экспортын 85 хувь нь Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудаар, зэсийн баяжмалын экспортын 54 хувь нь Гашуун сухайт, 46 хувь нь Замын-үүд боомтоор гарч байна. Энэ нь ковид-19 цар тахал гарахаас өмнөх үетэй харьцуулах юм бол маш бага үзүүлэлт юм. Манай улсын  уул уурхайн салбарын экспорт багасахад хэд хэдэн нөлөө орсон байна. Үүнд лиценз олголт муу байгаа, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нийгмийн эсэргүүцэл нэмэгдсэн гэсэн гэх шалтгаанууд байна. Үүнээс үүдэн Монгол улсын нэг хувь хүрэхгүй газар нутаг дээр ашигт малтмалын олборлолт хийгдэж байгаа гэсэн байна. Үүний гол буруутныг эрэх баригчид гэлээ.

Харин гадны шинжээчид манай улсын уул уурхайн салбар дэлхийн зах зээл дээр гол тоглогчдын нэг байхын тулд эхлээд урьдчилсан хайгуулын ажлыг үр дүнтэйгээр хийх ёстойг сануулж байна.

Мөн манай улсын уул уурхайн салбар олон улсын түвшинд бас нэгэн алхмаар урагшлах хөшүүрэг бол  уул уурхайн салбарын экспортыг Хятад улсаас гадна Япон, Солонгос мөн цаашлаад зүүн Европ руу коксжих нүүрс, бусад түүхий эд, хөдөө аж ахуйн зэрэг бүтээгдэхүүнүүдийг одоогийн борлуулж буй үнээс харьцангуй өндөр үнээр худалдах боломжийг бүрдүүлэх болоод байна.