Зохиогчийн эрхгүйгээр цахим хуудаст байршуулсан контентыг бусдад түгээсэн бол хам хэрэгтэн болно

Цахим орчин хөгжихийн хирээр цахим орчин дахь хууль бус үйлдлүүд ихсэж байна. Ялангуяа зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр кино, контентийг олон нийтийн сүлжээ, цахим сайтаар олонд түгээх нь улам ихсэж байна.

Он гарсаар оюуны өмчийн газарт оюуны өмчийн 70 гомдол, зөрчил бүртгэгдсэнээс 28 нь зохиогчийн эрх зөрчсөн зөрчил байна. Эдгээр зөрчлүүдийн дийлэнх нь цахим орчин, олон нийтийн сүлжээнд үйлдэгдсэн  байна. Үүний гол шалтгаан нь иргэд зохиогчийн эрхийн тодорхой ойлголтгүй байдаг, зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээхээ огт мэддэггүйд байдаг байна. 

Манай улсад зохиогчийн эрх, оюуны өмчтэй холбоотой 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцдог хуулийн зохицуулалттай. Эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн 18.17 дугаар зүйлд зааснаар ийм төрлийн гэмт хэрэгт үйлдсэн иргэнийг 450 – 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240 – 700 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдаг байна. 

Харин энэ гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5400 – 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1 жил – 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1 жил – 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулинд заажээ. Гэвч энэ нь дээрх төрлийн зөрчлийг шийдвэрлэж, хохирол барагдуулах хэмжээнд бус байгаад зогсохгүй цахим орчин дахь зөрчлийг цаг алдалгүй  илрүүлж, хянан шийдвэрлэхэд учир дутагдалтай байгааг уран бүтээлчид болоод албаныхан хэлж байгаа юм.

Цаашид оюуны өмч, зохиогчийн эрхийн тухай асуудлыг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийн зөв үнэлэмж, үнэ цэнийг иргэдэд ойлгуулж ухуулах ажил чухал байна гэж уран бүтээлчид үзэж байна.