Азийн хөгжлийн банкнаас манай улсад 100 сая ам.долларын зээлийг энэ сард багтаан олгоно

Өнгөрөгч лхагва гарагт Азийн хөгжлийн банкнаас цар тахлын дараах манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг болох  зуун сая америк долларын зээлийг энэ сардаа багтаан олгохоор болсноо зарласан байна.

“Азийн хөгжлийн төлөв  2022" шинэчилсэн тайланд бүс нутгийн эдийн засгийн өсөлт 4.3 хувиар өсөх төлөвтэй гэж тооцсон байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Азийн өсөлтийн төлөвийн танилцуулах үеэр эдийн засгийн 1.9 хувийн өсөлт хэврэг байгааг онцлоод, Монгол улс 2023 онд төсвөө улам хумих бодлого барих нь чухал гэсэн байна. Иймд манай улсын эдийн засаг сэргэхэд Азийн хөгжлийн банкнаас зуун сая америк долларыг зээлж энэ сардаа багтаан манай улсын төсөвт шилжүүлнэ гэлээ.

Азийн хөгжлийн банкны үзэж байгаагаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляц болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй гэсэн байна. Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэвэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой байна гэсэн юм.

Мөн Азийн хөгжлийн төлөвийн 2022  шинэчилсэн тайланд тусгаснаар 2022 онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3%-ийг бууруулж 1.7%-д, ирэх оны төсөөлөл 5.6%-ийг мөн бууруулж 4.9% болгосон байна. Энэ нь худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцын улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлстэй шууд холбоотой юм байна. Тэгвэл энэ үед Азийн хөгжлийн банкнаас авах болсон зээлийн талаар эдийн засагчид таатай бус байна.

Инфляц өндөр түвшинд хэвээр байгаа энэ үед импорт огцом өсөх төлөвтэй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах, экспортын түүхий эдийн үнэ буурах зэрэгтэй уялдан төлбөрийн урсгал дансны алдагдал 2022-2023 онд өнгөрсөн 4 дүгээр сарын төсөөллөөс давж өсөх төлөвтэй байна.