Валютын ханшийн өсөлтийн эсрэг мөнгөний бодлогын хүүг өсгөсөн нь ААН-д сөргөөр нөлөөлж байна

Монголбанкны мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 12 хувьд хүргэсэн. Төв банк бодлогын хүүгээр дамжуулан зах зээл рүү нийлүүлэх мөнгөний хэмжээг ихэсгэх эсвэл багасгахыг шийддэг байна. Он гарснаас хойш Монголбанк бодлогын хүүгээ тогтмол өсгөж байгаа нь арилжааны банкнуудын зээлийн хүү өсөх магадлалыг өндөр болгож байгаа юм. Цар тахлаас шалтгаалж эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед банкнуудын зээл олголт хумигдаад зогсохгүй бүрмөсөн зогсох ч эрсдэлтэй байгаа юм. Харин энэ нь манай улсын эдийн засагт, тэр дундаа хувийн хэвшлийн компаниудад сөргөөр нөлөөлж байна гэж эдийн засагчид үзэж байна.

Мөн инфляцыг барьж, тогтоохын тулд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж байна. Угтаа мөнгөний бодлогын шууд арга хэрэгслийг ашиглалгүйгээр экспортыг нэмэгдүүлж, эдийн засагт хэрэгтэй дэд бүтцийг шат дараатайгаар хөгжүүлэх дээ анхаарах хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байгаа юм. 

2022 он гарснаас хойш монголбанк улирал бүр мөнгөний бодлогын хүүг нэмсээр ирсэн. Энэ нь манай орны эдийн засгийн нөхцөл байдал тэр хэрээр муу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын хүү буурвал эдийн засаг сайжирч, гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Харин эсрэгээрээ мөнгөний бодлогын хүүг ихэсгэх үед эдийн засаг муудаж байдаг.

Монголбанкнаас энэ оны нэгдүгээр улиралд мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9 хувь, хоёрдугаар улиралд нэг нэгж хувиар өсгөж 10 хувь, харин гуравдугаар улиралд бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна.

Харин нөгөө талд монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний нийлүүлэлтээ хумих бодлого баримталж байгаа нь төгрөгийн ханшийн сулрал, ам.долларын ханшийн өсөлтийг зогсоох нэг арга юм.