Монгол улсын ЗГ эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хувьд аялал жуулчлалын салбараа дэмжиж, үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэн, монгол улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбарт улирлын шалтгаант салбар тул боловсон хүчний хүрэлцээ хомс, алсдаа энэ салбарт ажиллах оюутны тоо жил ирэх тусам буурч байна.
2007 онд аялал жуулчлалын салбарт суралцах оюутны тоо хамгийн өндөр байсан. Тодруулбал тухайн үед 5200 гаруй оюутан суралцаж байсан бол энэ жилийн тухайд 190 гаруй оюутан шинээр элссэн байна. Монгол улсын тухайд аялал жуулчлалын хамгийн оргил үе буюу 2019 онд 570 мянга гаруй жуулчин ирж байсан. Ирэх жилүүдэд манай улсыг зорих жуулчдын тоог нэмэхийн тулд боловсон хүчний тоог ч гэсэн нэмэх шаардлага тулгарч байгаа юм.
Аялал жуулчлалын салбарт ажиллагсдад тулгардаг нэгэн хүндрэл нь улирлын чанартай аялал жуулчлал юм. Тэгвэл зөвхөн зуны улирал биш жилийн бусад улиралд ч гэсэн манай улсыг зорих жуулчдын тоог нэмэхийн тулд нэгдсэн бодлого хэрэгтэй байна.
Мөн аялал жуулчлалын салбарын ажил олгогчдын зүгээс боловсон хүчний хомс байдал болоод мэргэжлийн бус хүмүүс тус салбарт ажиллах тохиолдол гардаг бөгөөд илүү мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна.
Харин оюутнуудын зүгээс тухайн салбарт ажиллахад зуны гурван сарын хугацаанд ажлын байраар хангагддаг ч бусад үеүүдэд ажлын байр хомс, тогтвортой ажлын байр олоход хүндрэлтэй байгааг мэдээллээ.
Хүний нөөцийн дутагдлыг бууруулахын тулд оюутнуудыг идэвхжүүлэх мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд өсгөх, тогтвортой ажлын байраар хангах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад 178 мянга гаруй жуулчин ирж 172 сая ам.долларын орлого оруулсан байна. Цаашид зөвхөн уул уурхайд гэлтгүй эдийн засгийг солонгоруулах чиглэлд аялал жуулчлалын салбар чухал нөлөөтэй тул энэ салбарт мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх шаардлага тулгараад байгаа юм.