Эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 5-59 хувь доогуур байна

Эрчим хүчний салбарт хөрөнгийн үүсвэрийн дутагдал үүсжээ. 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдлыг хүлээхээр байна. Иймд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх цаашлаад энэ салбарт тулгараад байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо шаардаж байна.

Эрчим хүчний үнэ тариф одоогийн байдлаар бодит өртгөөсөө 5-59 хувь доогуур байна. Тарифын ангиллаар авч үзвэл уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/квт.ц буюу үндсэн өртгөөс 5.0 хувиар хямд өртгөөр хэрэглэж байна. Харин аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/квт.ц буюу 25.0 хувиар хямдралтай хэрэглэж байгаа бол орон сууцны айл өрх 149.0 төг/квт.ц буюу 50.0 хувиар хямдралтай хэрэглэж байна. Харин гэр хорооллын айл өрх 141.0 төг/квт.ц буюу 59.0 хувиар хямдралтай буюу хамгийн хямд үнэ тогтоосон тарифыг мөрдөж байна.

Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18 хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг  аваад байна. Үүний үр дүнд 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгоод байна. Гэвч 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан ба 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна.

Эрчим хүчний салбарт хөрөнгийн үүсвэрийн дутагдалтай, мөн засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдсэн, оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.

Эрчим хүчний салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлнэ гэж мэдээлсэн хамгийн сүүлд 6-н сард энэ талаар мэдээлэл өгч байсан байна.

Эрчим хүчний байгууллагуудад эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй цаг хугацаандаа засвар, шинэчлэлийн ажлууд хийгдээгүйн улмаас аваар саатал гарч хүний амь нас эрсдэх, хүндээр бэртэж гэмтэх, хурц хордлогод өртөх тохиолдол гарвал МУ-ын засгийн газрын, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээллээ.