Монголын тэтгэврийн тогтолцоо суурь зорилгоо хангаж чаддаггүй

2030 оноос эхлэн Монгол улсын хүн амын дунд ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, 1960, 1970-аад оны огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэртээ гарах үе ирнэ. Энэ үед өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгааг эдийн засагчид онцолж байна.

Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь өндөр настныг ядуурал, тодорхой эрсдэлээс хамгаалах гэж үздэг. Харин Монголын тэтгэврийн тогтолцоо суурь зорилгоо хангаж чадахгүй байгааг эдийн засагчид хэлж байна. Эрүүл мэндийн болон бусад эрсдэлд өртөхөд Монгол улсын эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо хамгаалах боломжгүй байгаа юм. Тодруулбал одоогийн байдлаар манай улсын тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөг байгаа нь инфляцтай харьцуулахад төлбөрийн тэнцлээ барих боломжгүй буюу амьжиргаагаа залгуулах хэмжээнд л байдаг байна.  

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсөж 2018 оны эцэс гэхэд  418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авдаг байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт өсөж 1,2 сая даатгуулагч шимтгэл төлж тэтгэврийн даатгалын сангийн орлого нэмэгдэж байгаа хэдий ч Монголын хүн амд эзлэх ахмад настны өсөлттэй холбоотойгоор зардал нь орлогоо давахад хүрээд байгаа юм. Иймд иргэд тэтгэврийн сангийн тогтолцоог шинэчлэгдэх шаардлагатайг хэлж байна.

Монгол улсын дундаж цалинтай харьцуулахад тэтгэврийн хэмжээ үүний 40 хувьд ч хүрдэггүй байна. Үнэндээ тэтгэврийн дундаж хэмжээ 500 орчим мянган төгрөг байгаа  нь насаараа нийгмийн даатгал төлсөн ч тэтгэвэрт гарахдаа цаашдын амьжиргаа, хэрэгцээгээ хангах боломж хомс байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Гэтэл тэтгэврийн даатгалын сан насжилт нэмэгдэхэд ачааллаа даахгүйд хүрэх судалгааг судлаачид гаргасан байна.

Манай улс тэтгэврийн нэг тулгуурт системтэй бөгөөд тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17 хувийг нь авдаг хэр нь жил бүр алдагдалтай ажилладаг байна. Өнгөрсөн хугацаанд энэ алдагдлыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан юм.