Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 16 дугаар хурал өчигдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Хурлын хүрээнд Зүүн Азийн орнуудын хүн ба шим мандал хөтөлбөрийн үндэсний хороодын болон шим мандлын нөөц газруудын зүгээс 2019-2022 онд хийсэн болон цаашид хийх ажлууд, шим мандлын нөөц газруудад цар тахлын үзүүлсэн нөлөө, тус газруудын цар тахлын дараах нөхцөл байдал, үйл ажиллагаа болон хадгалалт хамгаалалтын талаар хийгдэж буй ажлын талаар ярилцаж, харилцан туршлага солилцсон юм. Манай улсын Хөвсгөл, Увс нуурын шим мандлын хэсгийн одоогийн нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярьж байсан юм.
Мөн манай улсын Увс, болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгэсэн байна. Тодруулбал, хил дамнасан шим мандлын нөөц газрын ангиллаар Увс нуурын хотгорыг, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг ус тус ЮНЕСКО-д бүртгэсэн байна. Ингэснээр манай улсын эдгээр байгалийн үзэсгэлэнт газруудад олон улсын судалгаа шинжилгээг гадаадын хөрөнгө оруулалтаар хийх боломжтой болж байна.
ЮНЕСКО-ийн хүн ба шим мандал хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд хадгалан хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсаас Говийн Их Дархан цаазат газрыг 1990 онд, Богд-хан уулын Дархан цаазат газрыг 1996 онд, Увс нуурын ай сав газрыг 1997 онд, Хустайн байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголын Дархан цаазат газрыг 2005 онд, Монгол Дагуурын Дархан цаазат газрыг 2007 онд, Тосон-хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Увс нуурын хотгорыг 2021 онд хил дамнасан шим мандлын нөөц газрын ангиллаар, бүртгэсэн бол Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг энэ онд бүртгэж нийт 8 газрыг тус тус Юнескогийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна. Бүртгэн авснаар олон талт ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэнээр хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хайхад тус дөхөмтэй гэдгийг хурлаар онцолсон байна.