ЮНЕСКО: Соёл бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих гол хөдөлгөгч хүчин зүйл

Нэгдсэн үндэстний байгууллага болон ЮНЕСКО соёл бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих гол хөдөлгөгч хүчин зүйл гэж тодорхойлсон.  Манай улс ч мөн соёлыг үндэсний хөгжлийн бодлого, чиглэлдээ онцгой чухал бүрэлдэхүүн хэсэг болгон тусгасан юм.

Дэлхий нийтийн даяаршил соёлын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын шинж чанартай болгож гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлсэн. Улмаар улс орны тогтвортой хөгжил, эдийн засагт соёлын бүтээлч үйлдвэрлэл чухал үр нөлөөтэй гэдгийг ЮНЕСКО-оос тодорхойлж, соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай конвенцыг 2005 онд баталсан юм. Манай улс уг конвенцд 2007 онд элсэн орж байсан. Харин 2021 онд Соёлын яам байгуулагдснаар соёлын салбарт боловсруулагдсан соёлын болон, эрх зүйн баримт бичгүүдийг уг конвенцийн бодлоготой уялдуулан ажиллаж байна.

Монгол улс нүүдэлчин соёлдоо тулгуурлан бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг төрийн бодлогоор, дэлхийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх нь ажлын байр бий болгох, салбарын эдийн засгийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай юм. Монгол улс нүүдэлчин соёлдоо тулгуурлан бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Мөн НҮБ-ын тогтвортой хөгжил болон бүтээлч эдийн засгийн бодлого, шийдвэрүүдтэй үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийг уялдуулж соёлыг онцгой чухал бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж байна.