Ази тивдээ эхний 10-т багтах хэмжээтэй, нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулах "Чингис Хаан" Хаад, язгууртны музей өнөөдөр нээлтээ хийлээ. Уг музей Монголын соёлын салбарт хийгдэж буй дэлхийн жишигт нийцсэн хамгийн том бүтээн байгуулалт юм.
"Чингис Хаан" Хаад, язгууртны музейн нээлт есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж ёслол төгөлдөр эхэлсэн юм. Соёлын төдийгүй нийгмийн салбар дах хамгийн том бүтээн байгуулалт болох Чингис Хаан музей байгуулагдсанаар түүх соёл, эрдэм шинжилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн томоохон цогц байгууламж болж байна.
“Чингис Хаан” музей 12 мянга гаруй үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл байна. Анхны төрт улс байгуулсан Хүннүгээс эхлэн Монголын Их Эзэнт гүрний Их Монгол улс, Юань улс, Чингис Хааны угсаатны Хаад язгууртнуудын түүхийг харуулах уг музейн үзмэр дэглэлт, шилэн хорго, орчин, гэрэлтүүлэг, дижитал техник технологи нэвтрүүлсэн байдал, сан хөмрөгийн хувьд олон улсын стандартыг мөрдөж байгуулсан нь Монголын анхны олон улсын стандартад нийцсэн музей болж байна.
“Чингис Хаан” музей нь зөвхөн үзмэрүүд дэлгээд зогсохгүй сургалт болоод соён гэгээрэл, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйтэй холбоотой цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ. Аравдугаар сарын 12-оос иргэдэд үүд хаалгаа албан ёсоор нээх юм байна.