Улс үндэстний соёл иргэншлийн өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бол Соёлын биет бус өв юм. Манай улсад өдгөө 362 өв бүртгэлтэй байгаа ч өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч ердөө 100 гаруй иргэн байна.
Өвлөн уламжлагчид нь эрс цөөрсөн, мартагдаж алга болох эрсдэлд орсон, яаралтай авран хамгаалах шаардлагатай өвүүдийг Юнеско “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өв” хэмээн онцгойлон бүртгэж авдаг. Манай улс 2019 оны байдлаар 83 өвийг яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгэсэн байна. Өөрсдийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан Соёлын биет бус өвийг 7 ай савд хуваан авч үздэг. Гэтэл өв нь байгаа ч өвийг илэрхийлэх, өвлөн уламжлагч ховордсоор байна.
Соёлын биет бус өв нь улс үндэстний уламжлалт түүх, соёлыг тээж дахин давтагдашгүй байдгаараа үндэсний дархлаа гэж үздэг. Иймд Соёлын яам үйл ажиллагааны хүрээнд өвлөн уламжлагчдыг бүртгэх, баримтжуулах, нээж илрүүлэх чиглэлээр орон нутагт судалгааны баг ажиллуулж байгаа юм байна.
Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан хүмүүсээс тэрхүү өвийг нь хэрхэн авч үлдэх вэ гэдэгт бодлогоор анхаарах шаардлагатай байна.