Их тэнгэрийн амны хадны сүг зургийн орчныг тохижуулжээ

Нийслэл хот орчмын зарим түүх, соёлын дурсгалт газрууд хадгалалт, хамгаалалт дутмагаас тонож сүйтгэгдэх, устах эрсдэлтэй байдаг. Тэгвэл Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Их тэнгэрийн аман дахь Хүрэл зэвсгийн үед хамаарагдах хадны сүг зургийг хамгаалалтад авч, орчныг нь тохижуулжээ.

Их тэнгэрийн амны хадны сүг зурагт гурван үеийн түүх, соёлын дурсгал тэмдэглэгдсэн байдаг

Их тэнгэрийн аманд дахь хадны сүг зураг нь Улаанбаатар хотын хамгийн алдартай сүг зурагт тооцогддог байна. Учир нь одоогоос гурван мянган жилийн өмнөх Хүрэл зэвсгийн үед холбогдох улаан зосон зураг, 18-19-р зууны үеийн төвд бичээс, 13-р зууны үеийн хар бэхэн зураг гэсэн гурван үеийн түүх, соёлын дурсгал тэмдэглэгдэн үлджээ.

Уг хадны сүг зураг нь өндөрт байрладаг учир тэр бүр хүн анзаарахгүй, харин зорьж очсон хүмүүс заавал хад руу авирах шаардлагатай байсан. Тэгвэл байгалийн чулууг ашиглан шат хийж, авто машины зогсоол байгуулан орчныг нь тохижуулжээ.

Г.Очбаяр: Иргэд түүх, соёлын дурсгалыг гэмтээхгүй байх шаардлагатай
Энэ онд улсын хэмжээнд бүртгэлтэй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ажлыг Соёлын яам, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхэлсэн. Гэсэн ч иргэд өөрсдөө түүх, соёлын дурсгалыг гэмтээхгүй байж хамгаалахыг мэргэжилтэн уриалж байна.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах нь үр хойчдоо түүхээ гэрчлэн үлдээж байгаагийн томоохон илрэл бөгөөд цаашлаад аялал, жуулчлалын салбарт ч чухал нөлөөтэй байна.