Монгол улсад төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн байгууллага байна. Эдгээр асрамжийн газруудад хүүхэд 18 нас хүртлээ байх боломжтой байдаг. Үүнээс хойш тухайн хүүхэд хаана амьдрах, амьжиргааны зардлаа хэрхэн олох, цаашлаад сургалтын төлбөр гэх мэт олон хүндрэл бэрхшээл үүсдэг байна.
Асрамж, халамжийн төвүүдэд 0-18 насны хүүхдүүд очдог. Харин 19 нас хүрээд асрамжийн төвөөсөө явах хэрэгтэй болдог. Монгол улсад асрамжийн төвөөсөө тухайн хүүхэд гараад нийслэлийн хүүхэд, залуучуудын тусгай цогцолбор хэмээх ганц газарт л очих боломжтой. Гэтэл энэ байгууллага нь асрамжид байдаг бүх хүүхдийг авах хүчин чадал бололцоогүй байдаг байна.
19 нас нь их дээд сургуульд орох цаашлаад МСҮТ-ийг төгсөж ажлын гараагаа эхлэх нас. Энэ үед тухайн хүүхдэд асрамжийн төвөөс гарч, амьжиргааны зардал, сургалтын төлбөр, байрших газар гээд олон асуудал үүсдэг. Олон улсын жишгээр тухайн хүүхдийг өссөн асрамжийн газар нь бие дааж амьдрах чадвартай болох хүртэл нь халамжилдаг байна.
Их дээд сургууль бүтэн өнчин оюутнуудад тэтгэлэг олгодог. Гэтэл асрамжийн төвд хагас өнчин гэсэн тодорхойлолтой хүүхэд байдаг ч тухайн хүүхэдтэй 10 жил эцэг, эхийн аль нь ч ирж уулзаагүй тохиолдол олон байдаг байна. Ийнхүү хагас өнчин гэсэн нэрийн дор олон хүүхэд сургалтын төлбөрөө хөнгөлүүлж чадахгүй, төлбөрийн асуудлаас болж их, дээд сургуульд суралцаж чаддаггүй байна.
Тэгвэл зарим асрамжийн төвүүд хувийн хэвшлийн сургуультай хамтран гэрээ байгуулж, тодорхой хэдэн хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг байна. Ийнхүү асрамжийн төвийн хүүхдийг өссөн асрамжийн газар нь бие дааж амьдрах чадвартай болох хүртэл нь халамжлах, их, дээд сургуульд орох үед нь төлбөрийн асуудлыг шийдэх зэргийг анхаарах хэрэгтэй байна.