Энэ бол царван хэмээх нэртэй эмийн ургамал. Орчин цагт Монголчууд царванг хоолойны өвчлөлийн эсрэг хүчтэй ургамал хэмээн гэрийн нөхцөлд түлхүү хэрэглэдэг. Тэгвэл энэхүү эмийн ургамалыг тэртээ Хүннүгийн үеэс нүүдэлчид ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн түүхтэй ажээ.
Харин 21-р зуунд буюу дөнгөж 2015 онд царванг гол түүхий эдээ болгож, халуун хумхаа өвчний эсрэг эм бүтээсэн эрдэмтэн энэхүү бүтээлээрээ анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байна.
Энэ мэтчилэн нөөц бололцоо ихтэй уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэгийг ашиглах боловсон хүчин, техник технологийг хөгжүүлэх шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна. Энэ ч үүднээс өнөөдөр “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд салбарынхан уламжлалт анагаах ухааныг таниулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх Монгол брэнд, соёлын үнэт өв гэдгийг онцолж эрдэм шинжилгээний хурал хийлээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын Соёлын биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах жагсаалтад 7 ай савд 362 өв бүртгэгдсэн байна. Үүнээс Ардын уламжлалт анагаах ухаантай холбоотой 4-5 зүйл бүртгэгджээ. Гэтэл уламжлалт анагаах ухааны соёлын биет бус өвтэй холбоотой 200 гаруй мэдлэг, арга ухаан байна. Эдгээр арга ухааныг Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Соёлын өвийн үндэсний төв, эрдэмтэн судлаачид хамтран албан ёсоор бүртгэлжүүлэх, олон нийтэд таниулах, цаашлаад НҮБ-д бүртгүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь Монголын уламжлалт анагаах ухааны олон хэлбэрийг судлан сэргээж тэдгээрийг хадгалан хамгаалах, сурталчлахад тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал үр дүн гаргана гэж үзэж байна.