Иргэдэд хамгийн ихээр эдийн засгийн дарамт учруулдаг зүйл бол инфляцийн түвшин буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ байдаг. Энэ оны хоёрдугаар улиралд манай улсын инфляцийн дундаж түвшин 15 хувьд хүрээд байсан бол 10-р сарын дүнгээр 14 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй байна. Эдийн засагчдын зүгээс инфляцийн түвшнийг оны сүүлээр буурах төлөвтэй гэж харж байсан бол дээрх үзүүлэлт энэ он дуустал хадгалагдах төлөвтэй байна.
Төв банкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлж, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг чангаруулан УИХ-д өргөн барьсан. Гэвч засгийн газрын зүгээс хэт тэлсэн төсвийн төслийг хэлэлцэж байгаагаас үүдэж ирэх онд инфляцын түвшинийг зорьсон хэмжээнд хүргэхэд хүндрэл учрах төлөвтэй байна.
Энэ оны сүүл гэхэд инфляцын түвшин одоо байгаа 14 хувиас хоёр пунктээр буурах төсөөллийг гаргаж байсан. Гэвч гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс үүдэж нэг пунктээр буурах төлөвтэй.
Төсвийн бодлого инфляцийн өсөлтийг сааруулахад томоохон дарамтыг учруулах эрсдэлтэй гэж Төв банкны зүгээс үзэж байгаа юм. Ирэх оны төсвийн тэлэлт болон зардал инфляцыг бууруулах Төв банкны мөнгөний бодлоготой уялдахгүй байх эрсдэлтэй байна. Харин гадаад валютын албан нөөц одоогоор 2.7 тэрбум америк доллар байгаа нь өсөөгүй дүн юм. Гэхдээ 12-р сар гэхэд 3 тэрбум америк долларт хүрэх төлөв байгаа гэсэн байна.