Өндөр гэгээн Занабазарын бүтээл Монгол улсын түүх, соёлын үнэт өв гэгдэх Язгуурын таван бурхныг 57 жилийн дараа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Өндөр гэгээний бүтээлийн сор дээж болсон энэхүү Язгуурын таван бурхны 4 нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, нэг нь Чойжин ламын сүм музейд хадгалагддаг байна.
17 дугаар зууны Монголын бурхан шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар ойролцоогоор 50 насандаа уг бүтээлүүдийг урласан гэж үздэг.
- Үл хөдлөгч,
- Эрдэнэ үүсгэгч,
- Цаглашгүй гэрэлт,
- Үйл бүтээгч,
- Машид гийгүүлэн зохиогч гэх Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэмийг эерэг болгон урвуулах бэлгэдэлтэй, таван махбодыг төлөөлдөг байна.
Уран нарийн хийц, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүй ширтэж байгаа дүр, дүрслэлтэй бүтээсэн нь Азид төдийгүй дэлхий дахинд бурхан урлалын түвшнийг өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.
Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн сор дээж болсон Язгуурын таван бурхан 1965 оныг хүртэл Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байгаад Дүрслэх урлагийн музей анх байгуулагдахад дөрвөн бурхныг шилжүүлж байжээ. Тэгвэл “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт өв болох Язгуурын таван бурхныг 57 жилийн дараа нэг газар оршоож байна.
“Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн 11 дүгээр сарын 14-ыг дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдана.