Кино урлагийн 300 гаруй уран бүтээлч салбарын асуудлаа ярилцаж, зөвлөлдлөө

Соёлын бүтээлч сарын хүрээнд өнөөдөр кино урлагийн 300 гаруй уран бүтээлч салбарын асуудлаа ярилцаж, зөвлөлдлөө. Зөвлөгөөнийг Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Соёлын яам хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид хэрэгжүүлэх урт, дунд хугацааны бодлого, стратеги төлөвлөлтөд уран бүтээлчдийн санал, хүсэлтийг тусгах юм байна.

Уран бүтээлчдийн санал тусгагдсан зөвлөмжийг Соёлын бүтээлч сарын форумд хэлэлцэнэ

“Кино урлагийн салбарын зөвлөгөөн” нь Соёлын яам, Кино урлагийн зөвлөл байгуулагдаж, Киноны тухай хууль батлагдан төрөөс бодлогоор дэмжих боломжтой болсноос хойших анхны зөвлөгөөн болж байгаа юм. Мөн нэг дор 300 гаруй уран бүтээлч цугласан анхны зөвлөгөөн гэдгээрээ онцлог байна.

Кино урлагийн салбарын гадаад харилцаанд соёлын яам чухал нөлөөтэй гэж уран бүтээлчид үзэж байна

Кино урлаг үндэсний хэв шинжийг агуулгадаа шингээж, олон улсад сурталчлан таниулан, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр бодлогоор дэмжинэ гэдгээ салбар яамнаас илэрхийлсэн юм. Харин уран бүтээлчид гадаад харилцаанд Соёлын яам чухал нөлөөтэй гэдгийг онцолж байлаа.

Зөвлөгөөнд 300 гаруй уран бүтээлчид оролцож санал бодлоо хэлэлцлээ. Харин зөвлөгөөнөөс гарсан шийдлүүдийг цаашид хэрэгжүүлэх, бодит болгох тал дээр анхаарах шаардлагатайг ахмад уран бүтээлч сануулж байна.

Салбарын нэгдсэн зөвлөгөөнөөр нэн түрүүнд шаардлагатай дэд бүтэц, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, сургалт хөгжлийг дэмжихэд уран бүтээлчдийн санаа бодлыг бодлогын баримт бичигт тусгахаар төлөвлөжээ.