Алслагдсан гэр хороололд дунджаар 3 км зайд эмийн сангаар үйлчлүүлэх боломжтой

Нийслэл хотод нийт эмийн сангийн 63 хувь нь хотын төв буюу орон сууцны хороололд төвлөрсөн байна. Хотын төвөөр буюу орон сууцны хорооллоор явбал 200 метр тутамд эмийн сан тааралдах магадлалтай. Харин алслагдсан гэр хороололд дунджаар 3 км зайд эмийн сан таарах магадлалтай  байдаг байна.

Монгол улсад 1700 орчим эмийн сан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс 1000 орчим нь нийслэл хотод байрладаг байна. Баянзүрх дүүрэгт нийт 260 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаагаас ердөө 13 хувь нь тэргэнцэртэй иргэнд зориулсан зориулалтын налуу шаттай байдаг байна. Зарим алслагдсан гэр хорооллын бүсэд эмийн сангийн хүртээмж муу байдаг учраас ойр орчмын иргэд хотын төвд ирж эмээ худалдаж авдаг гэдгийг хэлж байна.

Эмийн сан хоорондын байршлын стандарт 500 метрт нэг  байрлахаар заагдсан байдаг. Гэвч дийлэнх эмийн сангууд  хотын төвд бөөгнөрсөн байдалтай байгаа юм. Тиймээс гэр хорооллын иргэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн  хэрэгслээ хотын төв орчмоос худалдан авах шаардлага үүсдэг байна.