Инфляц өсөхөд талх, гурил, будааны үнэ жилийн 29.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ

10-р сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 14.5 хувьтай гарлаа. Оны эхнээс ажилгүйдлийн түвшин тогтмол буурч, бодит цалин 1.2 сая төгрөг болж нэмэгдсэн. Гэвч Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалж манай улсын инфляцийн түвшин буурахгүй, цаашид ч энэ хэвээр үргэлжлэх магадлалтай байна.

---Улсын хэмжээнд инфляц 9-р сард 13.8 байсан бол 10-р сард 14.5 хувьтай гарсан байна

---Инфляц ийнхүү өсөхөд талх, гурил, будааны үнэ жилийн 29.2 хувиар, бензин шатахууны үнэ жилийн 26.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ

---Экспортын тухайд энэ оны 10-р сард 10 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 6.4 хувиар буурсан

---Тэгвэл иргэдийн бодит цалин 1.2 сая төгрөг болж нэмэгдсэн хэдий ч экспортын хэмжээ буурч, шатахууны үнэ болоод талх, гурил, будааны үнэ өссөн нь иргэдийн амьдралд ихээхэн дарамт учруулж байна

Жил бүрийн ургац хураалтын энэ үед инфляцид голлон нөлөөлөгч хүнсний бүлгийн үнэ буурдаг ч  хил гаалийн асуудалтай холбоотойгоор энэ үнийн өсөлт хэвээр байх төлөвтэй байна. Тиймээс иргэдийн хэрэгцээг хангах хүнсний бүлэг цаашлаад мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг хурдан хугацаанд шийдэх шаардлагатай байна. 

Монгол улсын экспорт энэ оны 10-р сард 10 тэрбум америк доллар болсон нь өмнөх сараас 6.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Байгалийн эрдэс нүүрс, зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлж, тээврийн асуудлыг шийдэж экспортыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээг авснаар иргэдийн инфляцид өртөх дарамтыг багасгана гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүчний хүмүүс байна. Тэгвэл энэ оны эхэнд ажилгүйдэл 8.5 хувь байсан бол буурч 5.4 хувь болжээ. Харин цалингийн хувьд өмнөх сард дундаж цалин 1.1 сая байсан бол энэ сард 1.2 сая төгрөг болж өссөн байна. Иргэдийн цалин орлого болоод ажилгүйдлийн түвшинд эерэг өөрчлөлт гарсан хэдий ч дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй цаашлаад экспортын ашиг орлого нэмэгдэхгүй байгаа нь иргэдийн амьдралд ихээхэн хүндрэл тулгарч байна.