Англи улсын нийслэл Лондон хотод дэлхийн 2-р дайны үед агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар байгуулсан газар доорх нуувчид өнөө цагт фермерүүд ногоо тарьж байна. Ирээдүйд газар тариалан эрхлэгчид ийм маягаар үйл ажиллагаа явуулах болно гэж “Ройтерс” агентлаг мэдээлж байна.
“Zero carbon farms” компани нь уламжлалт газар тариалан эрхлэх сэтгэлгээг халж, хүн ам шигүү суурьшсан Лондонгийн өмнөд хэсэгт, газрын гүнд орших нуувчид салатны навч, цайны ургамал, байцаа зэрэг ногоо тарьж байна. Тус компанийн биологичид, ургамал судлаачид 7 жилийн турш газрын гүнд ургамал тариалах судалгаа явуулсан бөгөөд технологийн дэвшил тэдний судалгааг бодит болгоход ихээхэн дэмжлэг үзүүлснийг онцолжээ.
Фермерүүд ургамлын үрийг тусгай зориулалтын хиймэл зүлгэн дээр тарьдаг бөгөөд амьд хөрс байхгүй ч 5 төрлийн ургамлыг богино хугацаанд органик байдлаар хураан авч байгаа юм байна. Мөн газар доорх байгууламжид хүйтнээс тусгаарлах хана босгон дулаанаа хадгалж байгаа төдийгүй сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчээ хангаж байгаа нь уламжлалт газар тариалангаас 90 хувиар бага зардалтай байгааг фермерүүд онцолжээ.
Түүнчлэн нэг жилийн хугацаанд уламжлалт аргаар хурааснаас илүү их ургац хураан авах боломжтой бөгөөд ургац хурааснаас хойш ердөө хоёр цагийн дараа шинэхэн ногоо хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа талаар тус компаниас мэдээлжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал, хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд энэ салбарын үйлдвэрлэл чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид харж байна.
Мөн үүнтэй ижил төстэй төслүүдэд дэлхийн томоохон аж ахуйн нэгж байгууллагууд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа нь ирээдүйд уг салбарт өрсөлдөөн нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна гэж тэд үзэж байна.