Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд ажлын байр олноор бий болсон ч чанаргүй буюу цалин хөлс багатай, орчин нөхцөл тааруу ажлын байр нийт шинээр бий болсон ажлын байрны 80 хувийг эзэлж байна гэж Дэлхийн банкнаас хийсэн “Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-ний тайланд өгүүлжээ. Үүнтэй холбоотой тоон мэдээлэл хүргэе.
- Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1 сая 200 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь хөдөлмөрийн насны буюу 15-аас дээш насны нийт хүн амын 60 хүрэхгүй хувь нь гэсэн үг юм. Тэгвэл ажилгүй нийт 68.000 иргэн байна.
- ЕБС төгсөгчдийн дийлэнх нь үргэлжлүүлэн их, дээд сургуульд суралцдаг боловч залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын хэмжээний ажилгүйдлийн түвшний үзүүлэлтээс даруй 2.5 дахин өндөр байгаа юм. Мөн дээд боловсролтой эмэгтэйчүүдийн тал хувь нь ажил эрхлэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
- Монгол улсын эдийн засгийн өсөлт 2000-2019 онд дунджаар 5.4 хувьтай байсан нь иргэдийн ажлын байр, бодит цалингийн хэмжээг өсгөхөд нөлөөлсөн гэж үзэж байгаа ч энэ хугацаанд цалин хөлс багатай, чанаргүй ажлын байр олноор бий болжээ.
- 2010 онд нийт ажил эрхлэлтийн 33 хувийг Хөдөө аж ахуйн салбар эзэлж байсан бол 2021 онд 26 хувь болтлоо буурсан байна. Харин энэ хугацаанд худалдаа, төрийн үйлчилгээний болон бусад үйлчилгээний салбарт иргэдийн ажил эрхлэлт нэмэгдсэн байна.
Манай улсын хувьд ажил олгогчдын зүгээс тавьж буй ур чадварын шаардлагыг нийлүүлэлт буюу ажил хайгч иргэд хангаж чадахгүй байна. Тиймээс сургалтын чанар, хөтөлбөрийн агуулгыг сайжруулах замаар ур чадварыг сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлд ажил хайгчдын хүлээлтэд нийцсэн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлтэй ажлын байр хангалтгүй байна.
Монгол улсын Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн асуудалд илүү оролцоотой байх хэрэгтэй. Мөн ажил олгогч болон ажил хайгч иргэдийн дунд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн урсгалыг сайжруулж, зуучлалын үүргийг хангах хэрэгтэй байна.
Ажиллах хүчний оролцоо эмэгтэйчүүд, дунд боловсролтой иргэдийн хувьд доогуур байгаа юм. Мөн дээд боловсролтой залуучуудын хувьд ч ажилгүйдлийн түвшин өндөр байгааг тайланд онцолжээ. Мөн нийгмийн халамжид хамрагдагсдыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах хэрэгтэй. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 2023 оны төсөвт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд” нийтдээ 92 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Мэдээллийн технологийн салбарыг илүү дэмжиж, залуучуудад чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм. Мөн хувийн хэвшил чанартай ажлын байр бий болгохыг дэмжсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх хэрэгтэй байна.
Цалин, хөлс багатай чанаргүй ажлын байр сүүлийн 10 жилд олноор бий болсон. Тиймээс цалин хөлс болоод ажлын байрны орчин нөхцөлийг анхаарч, зорилгот бүлгийнхний хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.