Соёлын яамны 8 үйлчилгээ, Соёлын өвийн үндэсний төвийн хариуцдаг 5 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлжээ
Соёлын салбарын зарим үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрүүлсэн байна. Ингэснээр Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Палеонтологи, Археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлт зэрэг 13 үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

2020 оны 10-р сараас төрийн үйлчилгээг цахимаар олгох зорилготой E-Mongolia системийг анх нэвтрүүлж байсан. Өнөөдрийн байдлаар E-Mongolia системээс төрийн байгууллагуудын 2067 үйлчилгээг авах боломжтой байна. Тэгвэл энэ сараас эхлэн Соёлын яамнаас иргэн, ААН-д үзүүлдэг

  1. Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  2. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрөл
  3. Соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулах зөвшөөрөл
  4. Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл
  5. Соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрөл
  6. Соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрөл
  7. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох
  8. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл сунгах зэрэг 8 үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

Соёлын өвийн үндэсний төвөөс иргэн, ААН-д олгодог

  1. Соёлын өвийн лавлагаа, мэдээлэл /Иргэн/
  2. Соёлын өвийн лавлагаа, мэдээлэл /ААН/
  3. Соёлын өвд хамаарах эсэх тухай тодорхойлолт /Иргэн/
  4. Соёлын өвд хамаарах эсэх тухай тодорхойлолт /ААН/
  5. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлтийг E-MONGOLIA системээр дамжуулан гаргах юм байна.

Эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлт гаргасны дараагаар Соёлын өвийн үндэсний төвөөс биет өвийг таньж тогтоох, тодорхойлох үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

Цаашид Кино урлагийн тухай хуульд заагдсан зарим зөвшөөрөл болон соёлын салбарын үйлчилгээнүүдийг шат дараатайгаар цахимжуулахаар бэлтгэн ажлыг хангаад байгаа юм байна.