Уран зураг эдийн засгийн эргэлтэд орох боломжтой
Монгол улс 2030 он гэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 4 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд соёлын салбарын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсны нэг нь дүрслэх урлагийн салбар юм. Тэгвэл дүрслэх урлагийн уран бүтээлийг олон улсад худалдан борлуулах, таниулахад нэгдсэн нэг систем шаардлагатай гэдгийг судлаач хэлж байна. 

Уран зураг нь урлагийн бүтээлээс гадна эдийн засгийн эргэлтэд орох боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбар. Жишээ нь 2017 онд Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн “Салвадор Мунди” хэмээх уран зураг дуудлага худалдаагаар 450,3 сая ам.доллараар худалдаалагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоож байсан юм.

Тэгвэл манай улсад зураачид уран зургаар мөнгө олох боломж нь хомс гэдгийг уран зураач хэлж байна. 

Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Зорилтод хүрэхийн тулд Соёлын яам стратегийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд авч үзэж байгаа энэ үед соёлын бүтээлч үйлдвэрлэлийг уламжлалт бизнесийн загвараас өөрөөр харах шаардлагатайг судлаач хэлж байна. Эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна уран бүтээлийн үнэ цэнэ, бүтээлчийн ур чадварыг зах зээлд гаргаснаар баялагийг бий болгох арга замаар хөгжүүлнэ шаардлагатайг онцолж байна.

Arty.mn вебсайтад 100 гаруй зураачийн бүтээл тавигджээ 

Тэгвэл манай улсад зураачдын бүтээлийг дэлхийн хаанаас ч шууд худалдан авах боломжтой ганцхан веб сайт байгаа нь Arty.mn. Уг веб сайтаас зөвхөн худалдан авалт хийхээс гадна зураачдын танилцуулгыг үзэх боломжтой юм байна. Одоогоор сайтад 100 гаруй уран бүтээлчийн 1200 уран зураг тавигджээ.

Arty.mn цаашид орон нутгийн уран зураачдыг веб сайтдаа нэгтгэхээр төлөвлөсөн байна. Харин салбар яамнаас дүрслэх урлаг болоод бусад соёлын салбарын асуудлуудыг тусгасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.