Узбекистан улсад амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн хүүхдийн эмчилгээнд энэтхэг улсын эмийн компанид үйлдвэрлэсэн “док-1” ханиалга намдаах сиропыг ихээр хэрэглэж байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт энэ төрлийн сиропыг хэрэглэсэн 21 хүүхдийн бие огцом муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тэдгээр хүүхдүүдийн 18 нь нас баржээ. Узбекистан Эрүүл Мэндийн яамны эрдэмтэд хүүхдүүдийн аминд хүрсэн гэгдэж буй сиропын найрлагад “Этилен Гликол” бодис агуулагдаж байгааг тогтоосон бөгөөд энэ нь хортой бодисуудын жагсаалтад багтдаг байна.
Түүнчлэн амиа алдсан хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид эм зүйч нарын зөвлөсөн стандарт тунг хэтрүүлэн хэрэглүүлсэн нь золгүй явдал тохиолдоход хүргэжээ. Одоогоор хуулийн байгууллагын албан хаагчид болсон явдалтай холбогдуулан хяналт шалгалтын ажлыг явуулж эхэлсэн бөгөөд энэтхэгийн холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байгаагаа Ройтерс агентлагт мэдээлжээ. Үүнээс гадна Узбекистаны Эрүүл Мэндийн яам өргөн хүрээг хамарсан чанар, стандартын хяналт шалгалтыг эмийн үйлдвэрүүдэд явуулж эхэлсэн байна.
Энэ оны 10-р сард Индонез улсад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн сиропыг хэрэглэсэн 99 хүүхэд амиа алдсан бөгөөд тус улсын эрх баригчид энэ төрлийн эмийн хяналтыг нэмэгдүүлж, тусгай жороор олгох шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн Африк тивийн Гамби улсад мөн 10-р сард ханиад, томууны эмчилгээнд хэрэглэдэг сироп ууж хэрэглэсэн 70 хүүхэд амиа алдсан ч тус улсын эрх баригчид үйлдвэрлэгчийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин ДЭМБ-аас хэдийн энэтхэгийн эмийн үйлдвэрүүдэд бэлтгэж байгаа ханиалга намдаах сиропын найрлагад зарим төрлийн хортой байж болохуйц бодисууд стандарт хэмжээнээс их байгааг анхааруулжээ.
Дэлхийн эмийн сан гэгддэг энэтхэг улсын эмийн компаниуд 2010 оноос хойш жилд дунджаар 24 тэрбум ам.долларын эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн экспортолжээ.