Энэ жил дэлхийн 200 гаруй улсаас 90 орчим улс оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номиницид оролцож байна. Түүний нэг нь Монгол улс.
Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинац гурван үе шаттай тодордог. Эхний үе шат нь улсуудын эрх бүхий нэг байгууллагаас өөрийн шилдэг киногоо оскарт илгээнэ. Илгээх кино нь тухайн жилдээ улсдаа нээлтээ хийсэн байх ёстой гэж үздэг байна. Америкийн кино академиас томилогдсон комисс улс орнуудаас ирүүлсэн кинонуудыг үзэж богино жагсаалтад 15 киног шалгаруулна. Энэ жагсаалтаас нэр дэвшигчийн жагсаалтад бичигдэх 5 киног шалгаруулж, Оскарын тайзнаа дуудагдах шилдэг кино тодордог байна.
Энэ жил монгол улсын кино урлагийн зөвлөлөөс 2022 онд нээлтээ хийсэн кинонуудаас сонгон шалгаруулалт явуулж найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” киног Оскарт оролцуулахаар явуулжээ.
Монгол улс дэлхийн 200 гаруй улсаас Оскарт оролцох кинотой байна гэдэг нь бахархам амжилт гэдгийг “Эргэж ирэхгүй намар” киноны найруулагч хэлж байна.
Учир нь Оскарт кино оролцуулахын тулд дуу, дүрс, техникийн тодорхой шалгууруудад нийцсэн байх ёстой. Мөн сэдэв, жүжигчдийн тоглолт, формат зэрэг олон шалгууруудыг давж Оскарт оролцох эрхтэй болдог байна.
Монгол улс анх 2003 онд Ингэн нулимс, Шар нохойн там гэх киног анх удаа Оскарт оролцуулж байжээ. Үүний дараагаар 2009 онд Андрей Борисов гэх найруулагчийн “Чингис хааны зуун” хэмээх кино Оскарт Монголын нэрийн өмнөөс бүртгүүлж байсан байна. Харин 2017 онд “Чингисийн хүүхдүүд”, 2019 онд “Хийморь”, 2020 онд “Алтан судал” кинонуудыг Оскарт илгээжээ.
Оскарын 95 жилийн түүхэнд 7 кино оролцуулж байгаа ч, Монголын уран бүтээлчдийн чадвар, техник өнөөдрийн байдлаар өндөр түвшинд хүрснийг онцолж байна.
2021 онд Монгол улсад анх удаа киноны тухай хууль батлагдаж, 2022 онд Кино урлагийн зөвлөл байгуулагдсан. Монгол кино уран бүтээлчид ийнхүү нэгдсэн бодлогоор дэмжигдэх болсон нь цаашид олон улсад томоохон амжилт гаргах боломжийг нэмэгдүүлж байна гэж уран бүтээлчид үзэж байна.