Түүх, соёлын үнэд өв болох Тоорой бандийн хөшөөнд сүү өргөж бохирдуулсан байсныг 2022 оны хоёрдугаар сард залуучууд сайн дураараа цэвэрлэж байсан. Мөн 2021 онд 3,000 жилийн түүхтэй Буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, эх төрхийг нь алдагдуулсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлж байсан юм. Тэгвэл энэ төрлийн зөрчилд гэмтлийн зэрэг шатлал, учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.
Мөн хөшөө дурсгалд сүү, шар тос өргөх зэрэг нь мухар сүсэг гэдгийг ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан хэлж байна хэлж байна.
“Сүүлийн үед иргэд хад, хөшөөнд сүү, цагаан идээ өргөх, шар тос нялах зэрэг үйлдлүүдийг ихээр үйлддэг болсон. Энэ нь Монгол улсын түүхэнд хэзээ ч байгаагүй юм. Хэрэв бидний өвөг дээдэс тос нялах заншилтай байсан бол өнөөдөр Монгол улсаар дүүрэн тостой хад байх байсан. Харин ч соёлын өвийг цэвэр ариунаар нь энэ зуунд хадгалж, өвлүүлж ирсэн юм. Гэтэл ёс суртахуунтай, техник технологи хөгжсөн орчин цагийн боловсролт хүмүүс энэ мэт үйлдэл гарагж байгаа нь тун харамсалтай байна.”
Ц.ГҮНЧИН-ИШ ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хадны зураг, бичгийн дурсгал, булш хиргисүүр, тахилгын байгууламж, түүхэн газар нутаг, барилга архитектур, хөшөө дурсгал багтдаг. Эдгээр нь улс орны тодорхой цаг үеийн түүхийг илэрхийлдэг учир гэмтээж, устгах нь судалгааны ажил хийхэд хүндрэл учруулдаг байна.
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн засаг захиргаа, соёлын төвүүд түүхэн дурсгалт үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэгтэй. Гэсэн ч тухайн дурсгалын байршил, байгалын хүчин зүйлээс шалтгаалан тогтмол хяналт тавих боломжгүй байдаг байна. Тиймээс иргэдэд энэ төрлийн зөрчлийг таниулах, соёлын өвийг хагаалах асуудлыг ойлгуулах шаардлагатай байна.