Дэлхийн эдийн засаг "Уналтад орох эрсдэл ойрхон” байгааг Дэлхийн банкны шинжээчид саяхан гаргасан таамаглалаараа анхааруулсан байна. Энэ онд Дэлхийн эдийн засаг ердөө 1.7 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байгаа нь өнгөрсөн оны 6-р сард гаргасан 3 хувь хэмээн тооцоолж байснаас огцом буурсан үзүүлэлт болсон байна.
Дэлхийн банкны шинжээчид цар тахал болон Украины дайн зэрэг хэд хэдэн хүчин зүйлс Дэлхийн эдийн засгийн уналтад нөлөөлж байгааг онцолсон байна. Мөн Олон улсын бодлого боловсруулагчдын даван туулах гол сорилт бол зээлийн хүүгийн өсөлтийн үр дагавар юм гэж шинжээчид тодорхойлж байна. Энэ нь цар тахал болон Украины дайн үргэлжилж байгаа он жилүүдэд хүмүүсийн орлого дэлхий дахинд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин бага хувиар нэмэгдэж байгаатай холбоотой гэж үзэж байна.
Их Британийн эдийн засаг өмнө нь таамаглаж байснаас хурдан унаж байгаа бол АНУ-ын зээлийн хүү сүүлийн 14 жилийн дээд хэмжээндээ хүрээд байна. Мөн Хятад улсын үйлдвэрлэлийн хүчин чадал тооцоолж байснаас буурсаар байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их нөлөөллөө үзүүлдэг эдгээр гурван бүс нутагт нөхцөл байдал хүндэрснийг илтгэж байна. Энэ нь хөгжиж буй болон ядуу буурай улсуудын санхүүгийн чадавхад сөргөөр нөлөөлж байгааг шинжээчид анхааруулжээ.
Дэлхийн эдийн засаг 2021 онд 5.3 хувиар өссөн бол 2022 онд 2.5 хувьд хүрсэн байна. Харин энэ онд хамгийн өөдрөг таамаглалаар 1.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа төдийгүй Украины дайн он дамнан үргэлжилбэл 0.5 хувьд хүрч болзошгүй байна.
Инфляц өндөр байгаа нь дэлхийн эдийн засаг хүндэрч байгаа гол шалтгаануудын нэг юм. Өнгөрсөн жил Украины дайнаас үүдэлтэйгээр дэлхий дахинд газар тариалангийн гарц буурч, Барууны орнууд Оросын нүүрс, газрын тос, байгалийн хий зэргээс татгалзахыг шахаж эхэлсэн нь дэлхийн хүнс, эрчим хүчний салбарыг хямрал руу түлхсэн юм. Гэвч Олон улсын хууль эрхзүйг уландаа гишгэсэн ОХУ-ын эзлэн түрэмгийллийг зөвтгөж болохгүй гэдгийг шинжээчид онцолж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий дахинд өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар нэмэгдээд байна.