Дэлхийн банк 2023 онд Дэлхийн эдийн засаг 1.7 хувиар өсөх төлөвтэй гэж үзсэн бол Монгол улсын эдийн засаг 5 хувиар өснө гэж таамаглаж байна

Энэ сарын 8-ны өдөр Замын-Үүд Эрээн боомтын зорчих хөдөлгөөнийг нээсэн. БНХАУ-ын тухайд дөрөвдүгээр сард хилээ нээх төлөвтэй байсан бол товлосон хугацаанаасаа өмнө нь нээж байгаа нь манай улсын макро болон микро эдийн засагт эергээр нөлөөлөх боломжтой бөгөөд Монгол улс эдийн засгийн өсөлтөө 5 хувиар төсөөлж байгаа юм. Харин Дэлхийн банкны таамгаар улс орнуудын эдийн засаг 1.7 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ядуу буурай орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм.

Цар тахлын жилүүдэд манай улсын эдийн засаг дөрвөн хувиар агшиж ААН-үүд үүд хаалгаа барихад хүрч байсан.  Харин 2023 онд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч таван хувиар өсөх боломжтой гэж төр засгийн зүгээс мэдэгдэж байгаа ч ийнхүү хэт өөдрөгөөр төсөөлөх нь өрөөсгөл гэж эдийн засагчид үзэж байна.

Тэгвэл эдийн засагчид 2023 оны эдийн засгийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлөх нь өрөөсгөл гэсэн байр суурьтай байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бүрэн холбогдоогүй төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгах. Түүнчлэн нийгмийг талцуулсан томоохон авлигын гэмт хэргийг шийдэж бизнес эрхлэгчдийн итгэл найдварыг сэргээснээр төсөөлсөн хэмжээндээ хүрэх боломжтой.

Мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл нь өвөлжилт болоод хаваржилтын нөхцөл байдал юм. Одоогийн байдлаар 13 аймгийн 160 сумдад зудад нэрвэгдсэн байдалтай байгаа юм. Тийм учраас энэ өвлийг хорогдол багатай давах нь хөдөө аж ахуйн салбарт үүсэх эрсдэлийг бууруулна.

Олон улсын Санхүүгийн байгууллагуудын зүгээс Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2.9 хувьд хүрэх боломжтой гэж дүгнэж байна. Гэвч ОХУ болоод Украйны дайны нөхцөл байдал сөргөөр нөлөөлж энэ төсөөлөл 0.5 хувьд хүрэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.  Манай улсын тухайд эдийн засгаа хэт өөдрөгөөр төсөөлөлгүйгээр нөхцөл байдалдаа уялдсан арга хэмжээ авах шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна.