Монгол улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод соёлын боловсролыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх тухай тусгасан байдаг. Энэ хүрээнд Байгалийн түүхийн музей санаачилж Соёлын яам, ӨМӨЗО-ны “Монголын Хөлөнбуйрын бизнес эрхлэгчдийг дэмжих нийгэмлэг”-ийн дэмжлэгтэйгээр “Хавдарын эсрэг үйлс дэх музейн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хоёр байгууллага санамж бичигт гарын үсэг зурж, хэвтэн эмчлүүлж буй өвчтөн болон эмч ажилчдад музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
Хавдар судлалын үндэсний төв жилдээ 100 мянга орчим иргэнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 270 орчим хэвтэн эмчлүүлэх ортой. Хавдрын өвчлөл нь оношлогдож, эмчилгээ хийлгэсэн ч хамгийн багадаа 5-10 жилийн хугацаанд зайлшгүй эмчийн хяналтад байх шаардлагатай байдаг. Энэ нь өвчтөний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг учир соёлын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тэдний сэтгэл санааг өргөх, улмаар дархлааг дэмжиж, эмчилгээний үр дүнд сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтойг Хавдар судлалын үндэсний төвөөс онцлож байсан юм.
Байгалийн түүхийн музей нь “Хавдарын эсрэг үйлс дэх музейн оролцоо” хөтөлбөрийг цаашид үе шаттайгаар улсын эмнэлэгүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.