“Монголын сайхан бичигтэн” уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн нээлтээ хийж, Монгол улсын ерөнхийлөгч, Соёлын сайд, Хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэд шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа. Энэ жил 1100 гаруй хүн уралдаанд оролцсоноос хамгийн ахмад нь Завхан аймгийн уугуул 100 настай С.Жигмэдсүрэн гуай, харин хамгийн залуу оролцогч нь Нийслэлийн 131-р сургуулийн сурагч 8 настай Ж.Ундрал байлаа. Ж.Ундрал охин өөрийн үзэх дуртай хүүхэлдэйн баатрууд болон Монгол бичгийг ашиглан цаг урласан нь “Бүтээл” ангилалд тусгай байр эзэлжээ.
Уралдааныг зохион байгуулагчид доорх ангилалд шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ.
- Сурагчид
- Сайхан бичигтэн анги
- Мэргэжлийн багш нар
- Насан хүрэгчид
- Бүтээл
- Уран бичлэг
- Нэрэмжит шагнал
Уралдааны хамгийн том бүтээл болох Монгол гэрийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р сургуулийн багш Ж.Гэрэлмаа урлажээ. Гэрийн хана, бүрээс зэрэгт 200 үгийг уламжлалт хатгамлын төрлүүдийг ашиглан Монгол уран бичгээр урласан байна. Ингэснээр хүүхэд заавал анги танхимд бус, ахуйн орчиндоо Монгол бичиг сурах боломжтой гэх санааг илэрхийлэхийг зорьсон байна.
Уралдаанд Хөвсгөл аймгаас хамгийн олон бүтээлийг ирүүлснээс Мөрөн сумын 11-р ангийн сурагчдын бүтээл “Сайхан бичигтэн анги” ангилалд 1-р байрт шалгарчээ.
Үндэсний соёл, Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг 1997 оноос хойш үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг зохион байгуулж, БШУЯ, Соёлын яам дэмжин хамтран ажилладаг байна.
Монголын сайхан бичигтэн улсын уралдааны 12-р ангийн сурагчдын ангилалд эхний 3 байрт шалгарсан 4 сурагчийг Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхээр шагнадаг байна. Харин энэ жилээс уг эрхийг 6 сурагчид олгохоор нэмэгдүүлжээ.