Өнгөрсөн онд Дэлхийн даяар 900 сая хүн аялсан нь 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн ч цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтэй харьцуулахад 37 хувиар бага байжээ. Харин шинжээчид аялал жуулчлалын салбар эрчимтэй сэргэж байгааг онцолж байгаа төдийгүй хөгжиж байгаа улсуудын орлогод эергээр нөлөөлж эхэлснийг цохон тэмдэглэсэн байна.
Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2022 онд дэлхийн олон улс орон “Ковид-19”-ийн халдварын тархалттай холбогдуулан тогтоосон хилийн хяналтын арга хэмжээнүүдээ сулруулсантай холбоотойгоор 900 сая гаруй жуулчин хилийн чанадад аялсан байна. Энэ нь цар тахлын өмнөх үеийн 63 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2019 онд 1.5 тэрбум орчим хүн олон улсад аялжээ. Харин 2021 онд ойролцоогоор 455 сая хүн аялж жуулчилсан гэж тайланд дурдсан байна. Цар тахал дэгдэхээс өмнө аялал жуулчлалын салбар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байсан юм. 2019 онд Аялал жуулчлалын салбар эдийн засагт 3.5 их наяд ам.долларын хувь нэмэр оруулж байсан бол цар тахал олон сая ажлын байрыг эрсдэлд оруулжээ.
Тэгвэл Ойрхи Дорнодын орнуудаар өнгөрсөн онд аялсан жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 83 хувьтай тэнцэх түвшинд хүрсэн байна. Мөн Африк, Хойд Өмнөд Америк тивээр аялсан жуулчдын тоо цар тахлын өмнөх түвшний 65 хувьд хүрсэн бол Ази, Номхон Далайн орнуудад харьцангуй сул өсөлт ажиглагджээ. Тухайлбал Ази, Номхон Далайн бүсийн хэд хэдэн оронд өдийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдсөөр байгаатай холбоотойгоор өнгөрсөн онд гадаадын жуулчдынх нь тоо цар тахлын өмнөх үеийн ердөө 23 хувьд хүрсэн байна. “Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг олон сорилт бэрхшээл тулгарч байгаа ч аялал жуулчлалын салбар энэ онд эрчимтэй сэргэнэ хэмээн урьдчилан төсөөлж байна” гэж Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын тэргүүн мэдэгдлээ. Мөн тус байгууллагын мэргэжилтнүүд аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд энэ эрчээрээ өссөөр байвал 2023 онд бүрэн сэргэж, жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 80-95 хувьд хүрч өсөх төлөвтэй байна гэжээ.