0-18 нас хүртлээ хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хадгалбал энэ хугацаанд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ

Хүүхдийн 20.000 төгрөгийн тэтгэмжийг анх 2012 оноос эхлэн зорилтот бүлэг рүү халамж хэлбэрээр олгож эхэлсэн. “Ковид-19”-ийн цар тахлаас үүдэж 2020 оноос эхлэн хүүхдийн тэтгэмжийн мөнгөн дүнг нэмж 100.000 төгрөг болгон өөрчилсөн. Хүүхдийн мөнгөөр ихэвчлэн тухайн хүүхдийн хоол хүнс, хичээлийн хэрэгсэл, дугуйлан секцийн төлбөр зэрэгт зарцуулаад аль болох урт хугацаанд хадгалж, ирээдүйн боловсролд нь зарцуулдаг гэж иргэдийн зүгээс мэдээллээ.

Сангийн сайдын мэдэгдсэнээр 2 жилийн хугацаанд олгосон хүүхдийн 100.000 төгрөгийг иргэдийн 70 хувь нь шууд хэрэглээндээ авч зарцуулсан бол 30 хувь нь хадгаламждаа хийж хүүхдэдээ зарцуулдаг талаарх судалгааг танилцуулсан. 

Тооцооллоор, хэрэв хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал энэ хугацаанд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ. Энэ нь тухайн хүүхдийн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хэрэглэгдэхүүн худалдаж авахад зарцуулах гэх мэтчилэн чухал ач холбогдолтой. Тэгвэл иргэдийн зүгээс хүүхдийн хоол хүнс, хувцас хэрэглэл гэх мэт наад захын хэрэгцээнд зарцуулдаг боловч аль болох урт хугацаанд хадгалж хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт зарцуулдаг талаараа иргэд хэлж байна.

Мөнгөн тэтгэмж олгосноор архи, тамхины худалдан авалт нэмэгддэг гэх асуудал мөн иргэдийн дунд яригддаг. Цар тахлын үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар хийсэн судалгаанаас харахад нийт өрхийн ердөө 0.2 хувь нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс архи, согтууруулах ундаанд зарцуулсан байна.