Томуу, томуу төст өвчлөл их байгаа учир цэцэрлэг дунджаар 30 хувийн ирцтэй хичээллэж байна

Бага насны хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл их байгаагаас шалтгаалж  Дүүргийн эмнэлгийн ачаалал ихсэж  цэцэрлэгийн анги танхимд хичээллэх хүүхдүүд багассан байна. Хан-Уул нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 105 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  Мөн тус эмнэлэгт өдөрт 100 орчим хүүхэд яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирдэг бол дунжаар 20 хүүхэд  нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна.

Мөн бага насны хүүхдийн дунд томуу болон бусад төрлийн өвчлөл их байгаа учраас цэцэрлэгийн ирц огцом багассан байна. Тухайлбал Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах 145-р цэцэрлэгт 202 хүүхэд хүмүүждэгээс өнөөдрийн байдлаар 69 хүүхэд буюу ердөө гучин хувийн ирцтэй хичээллэж байна. Цэцэрлэгийн насныхны дунд томуугийн тархалт өндөр байдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахаас татгалздаг. Гэвч багш мэргэжилтнүүд хэлэхдээ эсрэгээрээ хүүхэд нийгмийн харилцаанд орсноор дархлаа нь илүү сайжирч ямарваа нэгэн өвчлөлийг  эсэргүүцэх чадвар өндөр болдог байна.