“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг гурван өдрийн дотор баталсан

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг энэ сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж 20-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гурван хоногийн дотор баталсан уг хууль нь “Хууль тогтоомжийн тухай” хуулийг зөрчсөн байх магадлалтай.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 38-р зүйлд заасны дагуу хууль санаачлагч нь УИХ-д өргөн барихаас өмнө 15 хоногийн хугацаанд олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохиож энэ хугацаанд иргэн хуулийн этгээд саналаа бичгээр өгч гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн заалтыг хуулийг гурван хоногийн дотор баталсан олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн байх эрсдэлтэй юм.

Хууль санаачлагчид яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч чухал хуулийн төсөл гэж үзэх тусам хэлэлцүүлгийг илүү өргөн хүрээнд хийж хууль батлах процесс буюу хууль тогтоомжийн тухай хуулиа баримтлах ёстой.

Хуульчид болоод хүний эрхийн байгууллага ийм байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд хуулийг зүйл заалтыг эргэн харахын тулд Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих эрхтэй бөгөөд Иргэний нийгмийн байгууллагууд гарын үсэг цуглуулж ерөнхийлөгчид хүргүүлэн хориг тавихыг шаардахаар болсон байна.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ТББ-ууд “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” тухай хуулийг буцаан татахыг шаардаж эхэлсэн бөгөөд тэдний тавьж буй шаардлага нь цахим орчинд хүний эрхийг хамгаалах нь зөв ч гэлээ богино хугацаанд яаравчлан баталсныг буруушааж байгаа юм.