Монгол Улс “Ковид-19”-ийн цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд нийтдээ 11 их наяд 202 тэрбум төгрөгийг зарцуулжээ

“Ковид-19”-ийн цар тахлын үед  авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг Улсын Онцгой комиссоос өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Хэрэв цар тахлын эсрэг арга хэмжээг цаг тухай бүрт нь авч чадаагүй бол эдийн засаг болоод Эрүүл мэндийн салбарт ихээхэн эрсдэл үүсэх  байсан гэж холбогдох албаны зүгээс мэдэгдсэн юм.

“Ковид-19”-ийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  төсвийн зарцуулалтыг авч үзвэл:

  • Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд нийтдээ 11 их наяд 202 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
  • 2020 онд 4 их наяд 402 тэрбум, 2021 онд 5 их наяд 165  тэрбум, 2022 онд 1 их наяд 635 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.
  • Зарцуулсан мөнгийг хувьд шилжүүлбэл эдийн засгийг идэвхжүүлэхэд хамгийн их буюу 37.9 хувь, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувь, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, ажлын байрыг хамгаалахад 12.5 хувийг тус тус зарцуулжээ.
  • Эдгээр арга хэмжээг аваагүй бол 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг үргэлжлэн уналттай гарах байсан гэсэн юм.  Мөн нийтдээ 4 удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож нийт ард иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч 20.000-40.000 хүн нас барах магадлалтай байсан талаар мэдэгдсэн юм.

Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхэд 2020-2021 онд нийтдээ 4.4 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг задалж харуулбал, төсвийн орлогын тасалдлыг гадаад эх үүсвэрээс нөхөж санхүүжүүлэхэд 2 их наяд 126 тэрбум, цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийг чөлөөлөхөд 1 их наяд 37 тэрбум, хатуу хөл хорионы үед иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход 998 тэрбум, хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвар, импортын барааны НӨАТ-аас чөлөөлөхөд 203 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Харин иргэдийн орлогыг хамгаалахад нийтдээ 2.6 их наяд төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд 2 их наяд 168 тэрбум төгрөг, халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 274 тэрбум, малчин айл өрхөд ноосны урамшуулал олгоход 175 тэрбум, хүнсний талоны үнийн дүнг нэмэгдүүлэхэд 20 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Цар тахлын үед цахилгаан, дулааны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, татварын хөнгөлөлт цаашлаад иргэдэд мөнгөн дэмжлэг олгох зэргээр хэт их мөнгө олголт байсан. Энэ нь иргэдэд очих дарамтыг багасгасан ч эдийн засагт ихээхэн хүндрэл үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөний урсгал нэмэгдэж эргээд инфляц өсөх сөрөг үр дагавар бий болгосон талаар эдийн засагч хэлж байна.

Цар тахлын эсрэг авсан арга хэмжээнд ихээхэн хэмжээний төсөв мөнгө зарцуулсан хэдий ч эдийн засгийн уналт болоод эм, эмнэлгийн байгууламжийн хүртээмжийн асуудал өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэж салбарын төлөөллүүд үзэж байгаа юм.