АТГ: 2022 онд Монгол Улсад авлигын улмаас 5 их наяд төгрөгийн хохирол учирсан

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 100 онооноос 35 оноо авч дэлхийн 180 орноос 110 дугаарт жагсаж байна. Авлигын төсөөллийн индексээр 2019 онд манай улс түүхэн доод хэмжээнд хүрч 35 оноо авч байсан бөгөөд тухайн үеэс хойш авлигын төсөөллийн индекс өсөөгүй хэвээр байна. Түүнчлэн жил ирэх тусам авлигын гэмт хэрэг өсөж түүнийг даган хохирлын хэмжээ ч мөн их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон байна.

2021 онд авлигын улмаас манай улсад нэг их наяд /1,002,100,805,191/ гаруй төгрөгийн хохирол учирсан. Харин 2022 оны тухайд үүнээс даруй тав дахин өсөж таван их наяд /5,024,895,829,317/ төгрөгийн хохирол учирсан байна. Мөн мөрдөн шалгах явцад 2021 онд 96 /96,207,070,220/ тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж байсан бол 2022 онд 2,3 /2,374,934,309,243/ их наяд төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Үүнээс харахад авлигын гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нөхөх төлүүлэх дүн нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч жил ирэх тусам авлигын гэмт хэрэг илүү олон салбарыг хамарч тэр хэрээр улсад учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байна.

Өнгөрсөн жилийн тухайд нийтийг донсолгосон томоохон авлигын гэмт хэргүүд илэрсэн. Тухайлбал Хөгжлийн банкны чанаргүй зээл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хийгээд нүүрсний хэрэгтэй холбогдуулан төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүд ч мөн холбогдсон бөгөөд авлигатай тэмцэх газар өнгөрсөн жил 180 гаруй хэргийг шүүхээр шийдвэрлүүлж одоогийн байдлаар 715 хэрэгт жил дамнан хяналт шалгалтын ажил хийж байна. Мөн өнгөрсөн жилийн тухайд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгожээ.