Авто замын голд замын цагдаа биет зохицуулалт хийхгүй

Нийслэлийн авто замын голд замын цагдааг биет зохицуулалт хийлгэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ нь гол болон туслах замуудыг жигд хуваарилалттайгаар зорчуулахад нөлөөлнө хэмээн албаныхан үзэж байна. Цагдаа уулзвар дээр зохицуулалт хийхгүй ч үндсэн чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Улаанбаатар хотын гол гудамж зам нь тээврийн хэрэгслээсээ гурав дахин бага байдаг. Улмаар зорчих хөдөлгөөн нэмэгдэх тусам замын түгжрэл ихэсдэг байна. Зарим иргэдийн зүгээс төв зам дээр удаан хугацаагаар автомашиныг  таталт хийдэг нь туслах  замуудад түгжрэл үүсэх шалтгаан болдог гэж үздэг. Тиймээс замын голд цагдааг биет зохицуулалт хийлгэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Харин салбарын яамны зүгээс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ болон  RFID системийг  нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн юм.

Цагдаа замын голд зохицуулалт хийхгүй ч заагдсан байршилд хяналт шалгалт хийх үүргээ гүйцэтгэх юм. Энэхүү шийдвэр нь хэрэгжиж эхлээд 14 хоногийн хугацаа өнгөрчээ. Зайсан тойруугийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, нэг урсгалтай болгосноор тус байршил дахь замын түгжрэлийг бууруулахад нөлөөлжээ.