Шри Ланка улсын эдийн засаг сэргэснээр инфляцийн түвшин буурчээ

Шри Ланка улсын эдийн засаг аажмаар сэргэх төлөвтэй байгаа нь хэрэглээний үнэд эерэгээр нөлөөлж улмаар инфляцийн түвшин гурван сар дараалан буурчээ. Мөнгө, төсвийн хатуу бодлого баримталснаар дотоодын нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл сайжирч инфляцийн түвшин үргэлжлэн буурах төлөвтэй байгааг Шри Ланка улсын төв банкны тэргүүн мэдэгдсэн байна.

Аравдугаар сард 70.6 хувьд хүрээд байсан тус улсын инфляц өнгөрсөн сард 65 хувьтай гарсан талаар Шри Ланка улсын тооллого, статистикийн алба онцлон мэдээлжээ. Улмаар сүүлийн 70 жилд тохиолдоогүй санхүүгийн томоохон хямралд өртөөд байгаа Шри Ланка улсын инфляцийн түвшин ийнхүү буурч эхэлсэн байна. Олон улсын эдийн засагчдын мэдээлж байгаагаар тус улсын инфляцийн түвшин 2023 оны санхүүгийн жилийн эхний улиралд 20 хувьд, харин оны эцэс гэхэд нэг оронтой тоонд хүрэх төлөвтэй байна.

Шри Ланка улсын төв банкны тэргүүн одоо хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлогоо цаашид баримтлах бөгөөд инфляц 2023 оны эцэс гэхэд 4-5 хувьд хүрэх боломжтой гэж үзэж байна.

Тус улсын үе үеийн Засгийн газрууд сонгогчдын саналыг худалдаж авахын тулд төсвийн мөнгөө халамжид зарцуулж дэд бүтцийн төслүүдээ гадны зээл тусламжаар санхүүжүүлж эхэлсэн байна. Улмаар төсвийн алдагдлаа гадаад зээл болон их хэмжээний мөнгө хэвлэж нөхөх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн Шри Ланка улс өнгөрсөн онд дефолт зарласан билээ.