Монгол Улс авлигын төсөөллийн индексээр түүхэн доод үзүүлэлтэд хүрлээ

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр түүхэн доод үзүүлэлтэд хүрлээ. “Транспэрэнси Интернэшнл” Олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг гаргадаг бөгөөд 2021 оны судалгаанд манай улс 180 орноос 110 дугаарт жагсаж байсан бол 2022 онд дахин байр ухарч 116 дугаарт жагссан байна.

Олон улсын “Трансерэнси Интернэйшнл” ТББ-аас 2022 оны авлигын төсөөллийн индексийг танилцууллаа. Дэлхий даяар 180 орны ⅔ нь 50-аас доош оноо авсан бөгөөд дундаж оноо нь 43 байгаа юм. Түүнчлэн АТИ-ээр тэргүүлж байгаа буюу авлигал хамгийн багатай улсууд нь Дани, Шинэ Зеланд, Финланд зэрэг улсууд тэргүүлсэн бол Сомали, Өмнөд Судан, Сири зэрэг улсууд сүүл мушгиж байгаа юм.

Харин манай улсын тухайд 100 онооноос 33 оноо авсан. 2014-2015 оны хооронд Монгол Улсын АТИ сайжирч 39 оноо авч байсан бол үүнээс хойш буурсаар 33 оноонд хүрч дэлхийн 180 орноос 116-д жагссан. Авлигын төсөөллийн индекс буурсан шалтгаан нь орлогын тэгш бус байдал болон баялгийн тэгш бус хуваарилалт юм. Түүнчлэн АТИ-д сайн оноо авсан улсууд өндөр орлоготой улсууд байгаа бөгөөд үүнээс дүгнэхэд иргэдийн орлого бага байх тусам авлигын түвшин нэмэгддэг байна.

Авлигын төсөөллийн индекс нь ОУ-ын санхүүгийн зах зээл болон Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлдөг. Манай улсын тухайд сүүлийн саруудад авлигын эсрэг томоохон арга хэмжээ авсан ч эдгээр нь төдийлөн нөлөөлөл үзүүлээгүйг судлаачид онцолж байгаа юм.