АТГ 2.3 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулсан ч авлигын төсөөллийн индексд нөлөөлсөнгүй

Манай улс 1999 оноос хойш жил бүр тогтмол авлигын төсөөллийн индексийг судалж иржээ. Гэвч тэр цагаас хойш энэ жил Монгол улс авлигын төсөөллийн индексээр түүхэн доод хэмжээндээ хүрсэн бөгөөд 2022 оны судалгаагаар авлигын түвшин эрчимтэй нэмэгдэж буй 10 орны нэгээр нэрлэгдсэн байна. Авлигын төсөөллийн индексийн сүүлийн дөрвөн жилийн судалгаан дахь зарим тоо баримтаас:

-2019 онд Монгол улс авлигын төсөөллийн индексээр 100 онооноос 35 оноо авсан байна. Уг үзүүлэлт нь тухайн үедээ Монгол улсын авлигын төсөөллийн индексийн түүхэнд доод үзүүлэлт болжээ.

-2020 онд манай улсын авлигын төсөөллийн индексд өөрчлөлт ороогүй, 100 онооноос 35 оноо авсан байна. Тухайн үед “Транспэрэнси Интернэйшнл” ТББ олон улсын байгууллагаас “Монгол улсад төсвийн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй, хууль зөрчиж авлигын гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй” гэж дүгнэжээ.

-2021 онд ч мөн адил манай улсын авлигын төсөөллийн индексд ямар нэг өөрчлөлт ороогүй 35 оноотой хэвээр байсан бөгөөд тухайн онд дэлхий даяар цар тахлын нөхцөл байдалд байсан тул улс орнуудын эрх баригчид илүү авторитар дэглэм рүү шилжих хандлага ажиглагдаж байсан гэж үзжээ. Манай улсад ч мөн энэ хандлага ажиглагдсан бөгөөд төсвийн зарцуулалтыг ил болгох зөвлөмжийг хүргүүлж байсан юм.

-Харин өнгөрөгч 2022 онд Монгол улс авлигын төсөөллийн индексээр түүхэн доод хэмжээндээ хүрч 100 онооноос 33 оноо авснаар дэлхийн 180 орноос 116-р жагссан байна. “Транспэрэнси Интернэйшнл” ТББ байгууллагаас манай улсад зориулан тусгайлан гаргасан зөвлөмжид авлигын түвшин дорвитой буурахгүй байгаа гол шалтгаан нь төрийн өмчит компаниудын шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчил үүссэн, улс төрийн намын санхүүжилтэд төрийн өмчийн компаниудын хөрөнгийн урсгал шингэж байх магадлалтай бөгөөд урт хугацааны туршид авлигын төсөөллийн индексд сөргөөр нөлөөлсөөр байгаа явдал гэж тодорхойлжээ.

Сүүлийн үед нийгмийг донсолгосон авлигын томоохон хэргүүд ил болж олон нийтийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрсэн. Авлигын гэмт хэрэг саяар хэмжигддэг байсан бол сүүлийн жилүүдэд тэрбумаас их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон. Асуудал даамжирч Засгийн газраас эрүүгийн хуулийн авлига албан тушаалын тухай хуулийн ялын бодлогыг чангатгасан. Гэвч эдгээр үйлдлүүд нь авлигын төсөөллийн индексд төдийлөн нөлөөлсөнгүй.

ОУ-ын байгууллагуудын зүгээс улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, төрийн өмчийн компаниудыг үе шаттайгаар олон нийтийнх болгох, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулан батлах зөвлөмжийг хүргүүлсэн. Гэвч нэн шаардлагатай хуулийн төслүүд УИХ-ын хаврын чуулган руу шилжсэн.

Түүнчлэн авлигын төсөөллийн индекс нь гадны хөрөнгө оруулагчдын голчлон хардаг үзүүлэлт. Тэгвэл энэ жилийн үзүүлэлтээс харахад гадаадын хөрөнгө оруулагчдыг татахуйц таатай нөхцөл байдал биш.

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн жил 180 гаруй хэргийг шүүхээр шийдвэрлүүлж одоогийн байдлаар 715 хэрэгт жил дамнан хяналт шалгалт явуулж байна. Гэвч ОУ-ын байгууллагуудын өгч буй зөвлөмжөөр авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил авлигын хэргийн төрөлжсөн шүүх эсхүл дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай байгааг онцолж байна.