Койны ард ямар бизнес болон давуу тал байгааг сайтар судлах нь чухал

Манай улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг 12 компани байдаг. Эдгээр компаниуд 30 гаруй виртуал хөрөнгийг зах зээлд арилжаалсан бөгөөд иргэдийн дунд ч мөн эрэлт их байсан. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо арилжаа хийх биржийг бүртгэдэг боловч тэдний гаргаж буй койн токенийг бүртгэдэггүй юм байна. Түүнчлэн нэгэнт ханш нь унасан койны зах зээлийн ханшид нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдлээ.

2-р сарын 2-ны өдөр нэгэн иргэн хуримтлуулсан мөнгөөрөө койн худалдаж авч үүний дараагаар ханш унасны улмаас хохирсон талаараа мэдэгдэл хийсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос крипто валютыг авахаас өмнө сайтар судлахыг хэдэнтээ анхааруулж байсан гэсэн юм.

Одоогоор 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн 34 койн Монгол Улсад арилжаалагдсан. Эдгээр 34 виртуал хөрөнгийн 90 гаруй хувийнх нь үнэ нь унасан. Эдгээрээс хоёр нь ханш хэвээр байгаа бөгөөд үүнээс бусад койн нь анхны зарласан ханшаас 70 орчим хувиар буураад байгаа юм. Тэгвэл нэгэнт зах зээлд үнэ нь унасан койны ханшийг өсгөх боломж байхгүй гэсэн юм.

Манай улсад арилжаалагдсан койнууд дотроо гурван төрөл байдаг. Хэрэв иргэд койн худалдаж авахаар зэхэж байгаа бол тус койн нь юунд зориулагдсан, койны ард ямар бизнес болоод давуу тал байгааг сайтар судлах хэрэгтэй.

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг Биткойны тухайд 2020 оны 6-р сард 10 мянган америк доллар хүрсэн бол 2021 оны 11 сард 68 мянган америк доллар болж түүхэн дээд үнэлгээндээ хүрч байсан юм. Энэ мэтээр үнийн дүнгээр хэлбэлздэг тул иргэд тус зах зээлд оролцохдоо сайтар судалж, өөрийн санхүүгийн боломжоо харгалзан үзэхийг салбарынхан анхааруулж байна.