Шаталсан татварын бодлогод сайн дураараа орлогоо тайлагнадаг иргэд хамаарахгүй юм

Энэ оны 1-р сараас эхлэн Хувь хүний орлогын албан татварт Шаталсан бодлого хэрэгжиж эхлээд байна. Үүнд зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгож буй цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах шууд болон шууд бус орлого нь 10  сая төгрөгөөс дээш бол татварыг 15, 20 хувиар тооцно. Харин сайн дураар орлогоо тайлагнадаг иргэд хуучин 10 хувиар татвараа төлөх юм. 

Монгол улс Хувь хүний орлогын албан татварыг хоёр хэлбэрээр тооцож авдаг. Ажиллаж буй иргэдээс шууд суутган тооцох болон сайн дураараа иргэд өөрсдөө орлогоо мэдүүлж, татвараа төлдөг. Тэгвэл Шаталсан татварын бодлого нь орлогоо сайн дураар тайлагнан тооцдог иргэнд хамаарахгүй юм байна. Харин шууд суутган тооцох аргачлалаар буюу хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч ажилтандаа сар бүр 10 саяас дээш цалин олгоход нягтлан нь татварыг суутган тооцоод шилжүүлдэг бүлэгт Шаталсан татвар ногдуулна.

Хувь хүний орлогын албан татварт хэрэгжүүлж буй Шаталсан татварын бодлого нь урт хугацаандаа өндөр орлоготой хэсэг нэмэгдэх цаашлаад Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа гэж Сангийн сайд мэдэгдсэн юм.

Мөн сайн дурын татвар төлөгч иргэдийн хувьд орлогоо тайлагнахгүй байх, нуун дарагдуулах, татварын өр үүсгэх зэргээр далд эдийн засаг үүсгэх магадлалтай гэж Сангийн сайд мэдэгдсэн байна. Тиймээс сайн дураараа болон ажиллаж буй иргэдэд татварын болон санхүүгийн боловсролыг олгох хэрэгтэй байгаагаас гадна татвараа тайлагнахыг хялбаршуулж, цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй гэсэн юм.