Монгол улсад өдөрт ойролцоогоор 10 гэр бүл салж байна

Гэр бүл нь нийгмийн анхдагч үндсэн нэгж. Энэ талаарх зөв ойлголт, эцэг эх байх үүрэг, хариуцлага, гэр бүл төлөвлөлтийн талаарх ойлголт муу зэргээс шалтгаалж олон сөрөг үр дагавар нийгэмд үүсэж байна. Тиймээс гэр бүл төлөвлөлт болоод үүний суурь боловсролыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гэр бүлийн талаарх ойлголтыг сайнаар сурталчлан таниулах, бүх салбарын байгууллага гэр бүлд ээлтэй бодлого явуулах, гэр бүлийн тухай хуулийг яаралтай шинэчлэх  шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна.

Үндэсний статискийн хорооны судалгаагаар:

  • Улсын хэмжээнд 2018 онд 4201 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан бол 2019 онд 4262 болж өссөн байна. Харин 2020 онд энэ тоо буурч 3316 болж, 2021 онд эргэн өсөж 3391 хос гэрлэлтээ цуцлуулжээ.
  • Өөрөөр хэлбэл жилд дунджаар 4000 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэж үзвэл өдөрт 10 гэр бүл салж байна.
  • 2016 онд хийсэн судалгаагаар 25-35 насны хосуудын дунд гэр бүлээ цуцлуулах тохиолдолд их байжээ. Мөн 10 гаруй жил хамт амьдарсан хосууд гэр бүлээ цуцлуулах нь түгээмэл байгаа юм.
  • Гэр бүл салалтын нийтлэг шалтгаанд нэн түрүүнд архидан согтуурах, олон улсын хөдөлмөрийн шилжилт, санхүүгийн дарамт, гэрлэх хүнээ таньж мэдээгүй байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна

Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж гэр бүлийн гишүүд гадны орныг зорьж ажил хөдөлмөр эрхлэх болсон. Үүнээс шалтгаалж олон гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа талаар салбарын төлөөлөл хэлж байна.

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг одоог хүртэл дагаж мөрдөж байгаа. Тус хуулиар гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой нарийн зохицуулалтгүй байна. Үүнээс шалтгаалж одоог хүртэл иргэдийн гэр бүлийн талаарх үндсэн суурь мэдлэг дутмаг байгаа юм.

Мөн 2006-2009 он хүртэл шинээр гэрлэсэн хосуудад 500.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Тэтгэмж олгосон жилүүдэд гэрлэлтээ батлуулсан хосын тоо 3 дахин нэмэгдсэн юм. Гэвч тус онд эсрэгээрээ гэр бүл цуцлалт огцом нэмэгджээ. Угтаа бол гэр бүлд шууд мөнгөн дэмжлэг хэлбэрийн бодлого явуулах нь буруу бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөнгөлөлт, гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангах зэргээр гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй юм.