Монголчууд бид шинийн нэгний өглөө нар мандахтай зэрэгцэн зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Энэ нь тухайн жилийнхээ цээрийг гаргаж байгаа бэлгэдлийн утга учиртай гэж үздэг. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд цээрээ арилгаж, мөр гаргахад хялбар байдаг ч хот суурин газрын зарим хүмүүст шууд хүссэн зүгтээ гарах амаргүй байдаг. Тиймээс шинийн нэгний нар мандахтай зэрэгцэн гэрийнхээ ойролцоох томоохон талбайд урд зүг рүү харж зогсоод өөрийн суусан суудлын цээрийг гарган, мөрөө гаргавал зохилтой гэж судлаач зөвлөж байна.
Мөр гаргахдаа эрэгтэй хүмүүс гал суудлаас эхлэн нар зөв тоолдог бол эмэгтэй хүн усан суудлаас эхлэн нар буруу тоолон өөрийн хий насаараа тооцон бодсоноор тухайн гарч байгаа жилдээ ямар суудалд сууж байгаагаа тодорхойлон суудлынхаа цээрийг арилгадаг байна. Тухайн гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй бага насны хүүхдүүд заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй гэж үздэг. Мөн өндөр настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь зүг, мөрийг гаргаж болдог юм байна. Тухайн хүнийхээ нэр болон жилийг нь дотроо бодон сүсэглэснээр жилийн цээрийг нь гаргадаг гэж үздэг байна.
Эрт дээр үед цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагч нарыг даган өрх бүрийн тэргүүлэгч, багачуул бараа болдог байсан байна. Тэгвэл суурин иргэншил хөгжиж хотожсон энэ үед иргэд мөрөө гаргахдаа ертөнцийн зүгээ бодож, энэ цагт, энэ зүгт хэмээн сэтгэлдээ сүсэглэхэд болно гэж судлаач зөвлөж байгаа юм.
Мөр гаргахдаа тухайн хүн хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Мөн зүг мөрөө гаргангаа хийдэг зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Бурхны шашин дэлгэрснээс хойш дом заслыг хийх тарнийн арга бий болсон байна. Тухайлбал, галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, усанд суугсад ус, цасны дээгүүр алхан гарах зэргээр заслаа хийдэг байна.