Дунд сургуулиудын цайны газрыг ихэвчлэн хувь иргэд түрээслэн ажиллуулдаг

Бага ангийн буюу 7-10 насны сурагчид өдөрт авах ёстой шим тэжээлийнхээ 30-35 хувийг  сургуулийн үдийн хоолноос авах заалттай байдаг. Гэсэн ч одоогийн байдлаар ердөө 15-20 орчим хувийг л авч байна. Төрөөс нэг сурагчид 1500 төгрөгөөр тооцож үдийн хоолны мөнгийг төсөвлөдөг боловч энэ нь үнийн өсөлт, инфляцын түвшин зэргээс шалтгаалж хангалттай шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэхэд хүрэлцдэггүй байна.

Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. Тухайн сургууль хоол зүйчийн зөвлөсний дагуу хоолны цэсийг гаргаж сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулдаг хэдийгээр илчлэг шим тэжээлийг нь тооцоолдог ч хүүхдэд шаардлагатай хэмжээнд хүрдэггүй байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрыг ихэвчлэн хувь иргэд түрээслэн ажиллуулдаг. Тэд гэрээт байгууллагаар дамжуулан хоол хүнсний материалын худалдан авалт хийдэг тул зах зээлийн үнээс өндөр өртгөөр авах тохиолдол их гардаг байна.

Нэг хүүхдэд олгогдох 1500 төгрөгөөс НӨАТ-ын 10 хувийг тооцож авдаг байна. Мөн тухайн сургуулийн цайны газрын түрээс ажилчдын цалин зэргийг олгодог учир худалдан авалт хязгаарлагддаг байна. Тэгвэл холбогдох байгууллагуудын төлөөлөл энэхүү төсвийг 3000-3500 төгрөг болгосноор хүүхэд хоолноос авах шаардлагатай шим тэжээлийг гүйцэт авах  боломжтой гэж тооцоолжээ.